Кенийн францискан ламтан Питер Табичи багшийн мэргэжилдээ оруулсан хувь нэмрийнхээ төлөө өнгөрсөн ням гарагт нэг сая долларын шагнал хүртсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ мөнгөөрөө юу хийх вэ? Табичи багш сургуульдаа тоног төхөөрөмж авч, орон нутгийн иргэдэд туслахаар төлөвлөж байна.
Энэтхэгийн бизнесмэн Санни Варкейн сайн үйлсийн шагналын эзэн болсон 36 настай Табичи нь Кенийн хөдөөгийн бөглүү дунд сургуульд байгалийн ухааны багшаар ажилладаг. Шагналыг зохион байгуулах хорооны мэдээлж байгаагаар бол ялагчийн ажилладаг дунд сургууль ганцхан компьютертэй, нэг багшид 58 сурагч ногддог гэнэ.
Табичи багш Эмиратын The National” хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ шагналын мөнгөө юунд зарцуулахаа хэлсэн байна. Тэрбээр сургуулийнхаа дэргэд шинжлэх ухааны лаборатори байгуулж, компьютер, тоног төхөөрөмж худалдан авна гэжээ. Түүнчлэн тэрбээр нутгийн иргэдэд ган гачигт тэсвэртэй ургамал тарихад сургаж, хүүхдийн хоол хүнсний асуудлыг шийдэх зорилготой байна.
“Би орчин үеийн сургуулийн лабораторитой болж, нутгийн иргэдэд туслах төсөл хэрэгжүүлмээр байна. Жишээ нь гэрийнхээ дэргэд идэх юмаа ургуулах, ган гачигт тэсвэртэй ургамал тариалах замаар хүнсний аюулгүй байдлын асуудлаа цэгцлэх гэх мэт. Миний төрсөн тэр газар ядуурал их, хоол хүнс бага” хэмээн Кенийн багш ярьжээ.
Табичи багш өмнө нь дээд зэрэглэлийн хувийн сургуульд багшилж байжээ. Харин дараа нь тэрбээр ядуу дүүргийн сургуулийг зориуд сонгож ажиллаж эхэлсэн байна. Францисканы лам болсноосоо хойш сарын цалингийнхаа 80 хувийг хэрэгцээтэй хүмүүст зарцуулж эхэлжээ.