Өчигдөр буюу Даваа гарагт Венесуэль улсын газар нутгийн талаас илүү хэсэгт нь цахилгаан эрчим хүч тасалдаж, харанхуй нөмөрсөн байна.
Тус улсын 23 мужийн 14 нь болон нийслэл Каракас хот гэрэл цахилгаангүй болсныг El Nacional сонин мэдээлжээ. Өөр эх сурвалж 16 муж гэрэл цахилгаангүй болсныг мэдээлсэн байна. Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригез энэ удаагийн тасалдлыг цахилгаан түгээх сүлжээнд тус улсын фашистууд болон тэдний Америк эздийн явуулсан хорлон сүйтгэх ажиллагаатай холбоотой гэж телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ.
Тэрээр энэ тасалдлын гол буруутан нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, сенатор Марко Рубио нар юм гээд тэднийг “гай зовлонгийн гурвал” гэж нэрлэсэн байна. Родригез эрчим хүчний хангамжийг сэргээж эхэлснийг мөн зарлажээ. Өчигдрийн байдлаар Каракасын метро, үйлчилгээний газрууд хаагдаж, төрийн албан хаагчид ажлаасаа эрт харьцгаасан байна.
NetBlocks интернэт хяналтын байгууллагын мэдээлснээр Венесуэлийн харилцаа холбооны дэд бүтцийн 57 хувь офлайн болоод байгаа ажээ. Гурван долоо хоногийн өмнө Венесуэлийн нутаг дэвсгэр бараг бүхэлдээ гэрэл цахилгаангүй болж байсан юм. Тухайн үед мөн л тасалдлын буруутнаар АНУ-ын империалистууд, тэдний Венесуэль дэх гар хөл болoгч этгээдүүд тодорч байв.
Эх сурвалж: The Guardian