ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хэргийг өмгөөлж буй “Өмгөөллийн төв” консалтингийн өмгөөлөгч Д.Баттулга news.mn сайтад ярилцлага өгчээ. Үүндээ тэр:
-Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлт буюу задлан шинжилгээний хариу гараагүй. Аль нэг байгууллага ийм дүгнэлтийг танилцаагүй. Өмгөөлөгч болон хохирогчийн ар гэрийнхэн ч энэ талаар мэдэгдээгүй байгаа.
Мөн камерын бичлэгтэй ч танилцаагүй. Шүүгч асан хорих ангид амиа хорлосон уу, үгүй юу гэдгийг тогтоохоос өмнө амиа хорлосон байж болзошгүй гэсэн таамаг дэгдсэнд гайхаж байгаагаа ярьжээ.
Л.Бямбаа агсны хоригдож байсан камераас гурван гэрээслэл гарсан хэмээн яригдаж байгаа. Гэвч ийм гэрээслэл үнэхээр байсан уу, үгүй юу гэдгийг ар гэрийнхэн нь ч, өмгөөлөгч нь ч мэдэхгүй байгаагаа хэлжээ.
Өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэр, өмгөөлөгч нар нь талийгаачийг хуулийн байгууллагууд хууль бусаар хорьсон гэдэг байр сууриа өөрчлөөгүй байна.
Тэд талийгаачийн хувьд шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагаа явагдаагүй. 2019 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө талийгаачийг шөнийн 00.40 цагт баривчлагдсан гэж ярьдаг. Эндээс хойш 24 цагийн хугацаатай гэж тоолох юм бол 23-ны өдрийн 00.40 цагт саатуулах хугацаа дуусах ёстой. Тэгтэл дээрх хугацаанд суллаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад талийгаачийг 24-ны өдрийн 00.15 цагт амиа алдсан талаар дуудлага мэдээлэл бүртгэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө баривчлах ажиллагаа явагдсан байгаа юм гэж үзэж буй аж.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ зэрэг байгууллагуудад хүний эрхийг хууль бусаар зөрчиж, түүнээс шалтгаалж хүний амь нас хохирсон асуудал, мөн хуулийн байгууллага эрх мэдлийн хэмжээгээ хэтрүүлсэн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.