Эрх баригчид Монгол Улсын гурван сая гаруй иргэн болоод 160 мянган аж ахуйн нэгжийн эрх ашигтай холбогдох татварын орчныг богинохон хугацаанд хүч түрэн өөрчилснөөр Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих нөхцөл байдал үүсгээд байна.
Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс “Хуулийн өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулахаар байна.
Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж, жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ” гэж үзсэн.
Гэвч УИХ бие даан Татварын хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хэлэлцэн баталсан юм. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) -ын тухай хуулийн 23.1-т “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно” гэсэн заалтыг тусгасан. Энэ нь гадаадын корпорациудад татвараас зугтах боломжийг олгож байна гэж үзэхээр байгаа аж.
Мөн Монгол дахь салбар, төлөөллийн газраараа дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ 20 хувь байсныг 5-10 хувь болгон бууруулжээ. Энэ мэтээр гадаадын томоохон компаниудад давуу эрх олгосон талаарх асуудлыг өнгөрсөн онд дээрх хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн цагаас эхлэн хөндөгдсөн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн 2018 оны зургаадугаар сард Татварын хуулийн өөрчлөлтийг багцаар нь болон хэсэгчлэн гэж хоёр удаа өргөн мэдүүлсэн байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүд, тэр дундаа одоогийн Засгийн газрын гишүүдийн зүгээс гаднын хөрөнгө оруулагчдад давуу эрх эдлүүлэхээр тусгагдсан хэмээн хардаж, дэмжихгүй гэдгээ зарлаж байлаа.
Ингэхдээ “Татварын хууль бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчлэх ёстой. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно. Гэтэл хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа.
Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах нь тодорхойгүй” гэдэг байр сууриа илэрхийлж байлаа. Үүнийг дагаад Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын удирдах зөвлөлөөс татварын багц Татварын хуулийн тодорхой заалтыг дэмжин, гишүүдэд хаягласан захидлын утга агуулга хүчтэй яригдаад намжиж байв. Үүнээс гадна УИХ дахь сөрөг хүчний бүлгээс өнгөрсөн долоо хоногийн хэлэлцүүлгийн үеэр Татварын хуулийн өөрчлөлт Үндсэн хуулиас гадна, өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хэд хэдэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа талаар дүгнэлтээ танилцуулсан.
Тухайлбал, Үндсэн хуулийн 16.3 дахь заалт болох “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, мөн хуулийн 16.4 дэх заалт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй аж.
УИХ дахь АН-ын бүлэг болон Ерөнхийлөгчийн зүгээс ийнхүү сөрсөн, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгааг улс төрийн өнцгөөс харж болох ч Монголын хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл болох МҮХАҮТ-аас гарсан байр суурийг дурдахгүй анзааралгүй өнгөрч болохгүй. Танхимаас уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төлөөлөгчөө оролцуулан, тодорхой саналаа илэрхийлсэн ч хаягдаад байгаа талаар мэдээлсэн.
Улмаар танхимын шинэ ерөнхийлөгч О.Амартүвшин улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой хуулийн төслийг яаруу сандруу батлахаас зайлсхийж, УИХ-аас хэлэлцүүлгээ ирэх сард нээлтээ хийх хаврын чуулган хүртэл хойшлуулахыг уриалсан. Тэдний зүгээс дээрх хуулиудыг хүч түрэн баталсан тохиолдолд Ерөнхийлөгчид хандан хориг тавиулна гэдгээ мөн илэрхийлээд байгаа.
БАЙР СУУРЬ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Бид Татварын хуулиа олон улсын жишигтэй нийцүүлэх шаардлагатай. Европын холбоо Монгол Улсыг 2017 онд санхүүгийн хар жагсаалтад оруулсан. Монгол Улсын Татварын хууль нь мөнгө угаах, татвараас зайлсхийх байдлыг бий болгоход нөлөөлдөг, өөрөө олон улсын жишигт нийцэхгүй байна гэсэн заалттайгаар хар жагсаалтад оруулсан.
Татварын суурийг багасгах, ашгийг шилжүүлэх зэрэг Global Forum, BEPS олон улсын байгууллагуудаас тавигддаг үндсэн зарчмуудыг энэ татварын багц хуулийн шинэчлэлдээ оруулж өгсөн. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр үндэстэн дамнасан компаниуд энд тэнд компани байгуулж, хоорондоо гүйлгээ хийж төлөх ёстой татвараа багасгадаг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлж байгаа гэсэн үг.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: -Татварын шинэ хуулиар татварын байцаагчийн торгох эрхийг нэмэгдүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байгаа юм. Торгуулийн хэмжээ өсөх хэрээр авлига, ашиг сонирхол үүснэ. Далд эдийн засаг буюу нууц асуудлыг даамжруулна. Татварын өр барагдуулах албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг чангаруулсан.
Ингэхдээ татварын байцаагч өөрийн үзэмжээр, шүүхийн шийдвэргүйгээр орон байр, автомашиныг битүүмжлэх эрсдэлтэй заалт орсон. Хөдлөх хөрөнгөнд эзэмших эрхийг татварын байцаагч эдэлнэ. Дуудлага худалдаанд оруулбал үнийг татварын байцаагч тогтоохоор байгаа. Энэ бол ноцтой заалт. Татварын өр нь 20 сая бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж байгаа. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах хэрэггүй. Ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Гэр бүлийн нэг гишүүн нь татвараа төлөлгүй нас барлаа гэхэд үлдсэн гишүүд нь түүний татварыг төлөх заалт бий. Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал. Үндсэн хуульд заасан хувь хүн өөрийнхөө хариуцлагыг хүлээх зарчмыг зөрчиж байна. Компанийн хувьд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг.
Гэтэл хэн нэгнийг татвар төлөх үүргээ биелүүлээгүй байхад хамаарал бүхий этгээдүүд гээд бусдад хариуцлага үүрүүлж болохгүй. “Хөрөнгийг нь шилжүүлж авсан” бол гэдэг үгээр халхавч хийж ийм алхам хийх гэж байна.
Хөрөнгө шилжүүлж авна гэдэг бол их өргөн утга агуулдаг зүйл. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын, үндэстэн дамнасан компаниуд BEPS-ээс тавьж буй ерөнхий шаардлага, тайлагнадаг форматаар тайлангаа гаргахгүй байгаа юм. Ийм учраас тэднийг олон улсын стандартын дагуу тайлангаа гаргадаг болгоход Монгол Улсын дотоодын хууль тогтоомж нийцэх ёстой гэдэг үндэслэлээр Татварын багц хуульд өөрчлөлт оруулж байгаа. Тэгэхээр уг хуулийг өөрчлөх ёстой. Гэхдээ “Өөрчилж байгаа нь энэ” гээд хууль, шүүх, прокуроргүй бүх эрхийг татварын албанд өгч болохгүй.
МҮХАҮТ-ын экс ерөнхийлөгч Б.Лхагважав: -Энэ удаагийн багц хуулийн гол онцлог нь эдийн засагт өсөлт авчирна. Нөгөө талаас татварын эрх зүй гэж бий. Шударга ёсны хэмжүүр эрхзүйгээр л илэрдэг. Шүүх засаглал, хүчний байгууллагууд татварын багц хуулийн эрх зүйг ашиглаж шударга ёсны хэмжүүрийг гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар зах зээлийн шударга ёс гэж байна.
Монголд бий болж буй баялгийгхамтран бүтээлцэх, баялгийн хуваарилалтаас тодорхой хэмжээний үе шаттайгаар хүртээмжтэй байх тухай асуудал бий. 27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүргийг харахаар аж ахуйн нэгжид маш ихачаалал өгсөөр ирсэн. Ийм шалтгаанаар бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Энэ бол татварын багц хуулийн хоёр дахь онцлог.
Гурав дахь онцлог нь компаниудад өсөж дэвжих боломж олгохыг зорьсон явдал. Оюутолгой, MCS, ТҮЦ гурав ижил гараанаас эхэлдэг. Ийм тохиолдолд компани өсөж дэвжих боломжгүй. Монголын 157 мянган компанийн 90 хувь нь өнөөдөр 1-9 хүнтэй байна. 27 жилийн үйл явцыг харахад компани өсдөггүй, өндийдөггүй орчинд бид амьдарч байна.
Эх сурвалж: