Ерөнхийлөгчийн зүгээс удтал шаардсан УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч долоо хоногт эхэллээ. Ээлжит бус чуулган Г.Занданшатарын хувьд УИХ-ын даргын хувиар нээсэн анхны чуулган болов. Нээлтэд зориулж хэлсэн үгэндээ парламентын шинэ дарга томилогдоод нэг биш нэлээд олон арга хэмжээн дээр хэлсэн:
-УИХ популизм, хэрүүл хийдэг газар биш, шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоонд тулгуурласан мэтгэлцээн өрнүүлдэг танхим байх ёстой. Гишүүд хэлэлцэж байгаа асуудал бүртээ энэ зарчмаар хандаж, иргэд, олон нийтийн санал, санаачилгыг тусган, ард түмний эрх ашиг, хүсэмжлэлд нийцсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн үгээ давтан хэллээ.
Үүнээс гадна 1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жилд улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас улс орон ядуурал, өрийн гүнзгий хямралд нэрвэгджээ.
Хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна гэж тэр хэлэв.
УИХ-ын дарга төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт эмзэг сэдвийг нэг дор багцлаад сөхөн хөндөж байгаа нь сайн хэрэг ч үүнээс гарах гарц нь юу байж болох вэ гэдгээ хараахан дэлгээгүй байна. Энэ бүгдийг эмхэлж, цэгцлэх бодлогыг Г.Занданшатар тодорхойлж амжсан уу. Амжсан бол хэзээ, юунаас, яаж эхлэх вэ. Одооноос ийм асуулт УИХ-ын даргыг ээрч эхлэх болов уу.
ТОМООХОН ХЭРГҮҮДИЙГ ЭЦЭСЛЭНЭ ГЭСЭН ҮҮ?
Ээлжит чуулган дээр хэлсэн УИХ-ын даргын үгийг шүүж үзвэл “Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, хүний эрхийг дээдлэн, ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлэн нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсэг байгуулна гэсэн мэдэгдэл анхаарлын төвд орсон.
Мэдэгдлээс хойш хэдхэн хоногийн дараа Засгийн газар хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг сөхөн шалгах гэж байгааг мэдэгдсэн.
Мөн Засгийн газар гурван жил маргааны сэдэв болж яваа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр бүр мөсөн эргүүлэн авч, “Эрдэнэт” болон Монголросцветмет” компанийг УҮГ болгон өөрчилж байгааг зарлалаа. Улсын үйлдвэрийн газар болсон уул уурхайн хоёр том компани цагтаа улсын төсвийн тал хувийг нуруундаа үүрч байсан.
Сүүлийн жилүүдэд эдгээр компани Худалдаа хөгжлийн банк болон түүний хамааралтай аж ахуйн нэгжүүдэд очсон. Засгийн газар эдгээрийг улсын мэдэлд авч байгааг сүүлийн саруудад эрчтэй яригдаж буй МАНАН гэх улс төр, эдийн засгийн фракцд өгч буй цохилт гэж ойлгож болох юм.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭКС ПРОКУРОРЫГ ЧИГЛЭСЭН УЛСТӨР ЮУГ ӨГҮҮЛЭВ?
Долоо хоногийн эхний өдөр Эрүүгийн цагдаагийн газар экс Ерөнхийлөгчид холбоотой ямар нэгэн ажлын байрыг нэгжин, уран зураг хураасан мэдээлэл цацагдсан ч Ц.Элбэгдорж үүнийг эрс үгүйсгэсэн байгаа.
“Би уран зураг цуглуулдаг болохоос хулгайлдаггүй” хэмээн жиргэсэн түүний байр суурийн дараа цагдаагийн мөрдөгчид Их тэнгэрээс алдагдсан уран зургийн араас эрэл хийсэн мэдээ гарч ирээд байна.
Ямартай ч хаа нэг газар, ямар нэгэн нэгжлэг болсон. Ингэхдээ цагдаагийнхан нэгжлэгийг Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын ажлын өрөөнд явуулсан болох нь тодорхой боллоо. Х.Болдбаатар ч энэ мэдээллийг нотлоод, мөрдөгчид хэд хэдэн уран зураг хураан авч явсныг гэрчлэв.
Экс Ерөнхийлөгч ба уран зургийн эргэн тойронд өрнөсөн ярианы “халуун” буураагүй байхад УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ё.Сагсайг тойрсон шинэ дуулиан өндийсөн байгаа.
Хувцасгүй, халамцуу прокурорын “хэн нэгнийг суллах” амлалт нэр хүнд нь унаж яваа шүүх, прокурорын байгууллагыг улам бүр халтайлгав.
Гэхдээ хэн, хэзээ, яах гэж, юуны тулд энэ бичлэгийг хийв. Яагаад, ямар замаар Н.Энхбаярынхны гарт оров. Яагаад одоо цацагдав? Үнэнд ойрхон, үнэнтэй дүйх хариултыг хэн өгөх вэ?
Ийм асуултууд хариу нэхэж эхэллээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр хэрэг явдлын гол дүр Ё.Сагсай хэрэг явдлын талаар тайлбар өгөх гэнэ гэсэн мэдээ дуулдсан. Прокурор асан бичлэгтэй холбогдуулж тайлбар өгөхгүй бол Прокурорын байгууллага руу чиглэсэн этгээд яриа, үл итгэх хандлага газар авах нь тодорхой.
Гэхдээ экс Ерөнхийлөгч, экс прокурорыг хөндсөн долоо хоногийн дуулиан зүгээр л нэг санамсаргүй давхцал, тохиолдол уу, ямар нэгэн зорилготой “улстөр”-ийн өрнөлийн хоёр салаа нүүдэл үү?
ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН “ТОЛГОЙ”-Г ӨӨРЧЛӨХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Удаан хугацаанд яригдаж байсан хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг өөрчлөх, солих ажиллагааг ээжит бус чуулган хэрэгжүүлж эхэллээ. Томилгоо хийгдэнэ гэсэн мэдээллийг эрх бүхий албан тушаалтнууд ч нууж байгаагүй.
Өнгөрөгч долоо хоногт УИХ ЗХШЖ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилов. Ерөнхийлөгчөөс санал болгож байгаа дараа дараагийн томилгоо ч энэ долоо хоногт үргэлжилнэ. Энэ томилгооны үеэр 2017 оны зунаас яригдаж буй АТГ-ын дарга болон дэд дарга нар өөрчлөгдөхөөр яригдаж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс алт олборлогчид алтны 5 хувь, үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувь гээд 9-10 хувийн татвар төлж байв. Үүнийгээ их хэмээн үзсэн алт олборлогчид хуульд өөрчлөлт оруулах лообий хийснээр тэд 2023 он хүртэл 2.5 хувийн татвар төлөхөөр боллоо.
УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцсэн өөр нэг том хууль бол Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Хуулийн албан ёсны нэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай.
Яг энэ хуулийн ард төрийн өмчийг үр ашиггүй зарцуулах, төсвийн мөнгийг угаах том механизм нуугдаж байдаг. Сая бол хууль тогтоогчид энэ хуулийг нэлээд өөдрөг харж өөрчилсөн хэмээн мэдээлж байна.
Эх сурвалж: