Дональд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа Оросын засгийн газартай хуйвалдаж, хамтран ажилласан эсэхийг тогтоох зорилготой гүйцэтгэсэн шалгалтын тайланг Ням гарагт АНУ-ын ерөнхий прокурор Конгресст танилцууллаа.
2017 оны тавдугаар сард ерөнхий прокуророос томилогдсон тусгай төлөөлөгч Роберт Маллер энэхүү мөрдлөгийг гүйцэтгэсэн юм.
Тус тайланд 2016 оны сонгуулийн үеэр Трампын сонгуулийн багийн гишүүд ОХУ-ын засгийн газартай хуйвалдаагүй, хамтран ажиллаагүй гэж дүгнэжээ.
Гэхдээ ОХУ-ын засгийн газар интернэт судалгааны байгууллагыг ашиглан сошиал сүлжээнд худал мэдээлэл түгээж нийгмийг талцуулах, Ардчилсан Нам болон Хиллари Клинтоны имэйл хаягт хууль бусаар нэвтэрсэн нь үнэн гэж тогтоосон байна.
Хэдийгээр Трампын багийн гишүүд дотор Оростой ажил хэргийн холбоотой хүмүүс байсан ч дээрх хууль бус ажиллагаануудад оролцоогүй гэж тусгай төлөөлөгчийн тайланд дүгнэжээ.
Үүнээс гадна Дональд Трампыг ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй, гэхдээ энэ нь түүнийг цагаатгасан хэрэг биш гэж тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл шалгалтаар илэрсэн баримтууд дээр үндэслэн цааш үргэлжлүүлэн мөрдөх эсэх шийдвэрийг АНУ-ын ерөнхий прокурорын мэдэлд үлдээжээ.
Роберт Маллерийн шалгалт 674 хоног үргэлжлэхдээ 19 хуульчийг ажиллуулж, Холбооны Мөрдөх Товчооны 40 ажилтнаас туслалцаа авсан байна.
Нийт зардал нь $30 сая болжээ. Шалгалтын хүрээнд $20 саяын эд хөрөнгийг АНУ-ын сангийн яамны орлого болгон хураан авч, 27 хүнийг яллан, долоон хүнийг шийтгэжээ.
Ерөнхий прокурор Уилльям Баррын танилцуулгын дараа Цагаан ордны хэвлэлийн алба Дональд Трампыг “бүрэн цагаадлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Өчигдөр Флоридад гольф тоглож байсан Дональд Трамп твиттер хуудсандаа “Хуйвалдаагүй. Хууль зөрчөөгүй. Бүрэн цагаатгал. Америкийг хүчирхэг болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллана!” гэж бичжээ.
Зарим нууц мэдээллийн улмаас Уилльям Барр шалгалтын тайланг бүрэн эхээр нь олон нийтэд ил болгохоос татгалзсан байна. Ардчилсан Намынхан үүнийг эсэргүүцэж, шалгалтын тайланг бүтнээр нь дэлгэхийг шаардаж эхэлжээ.
Мюллерийн шалгалтаас гадна Конгрессийн төлөөлөгчдийн танхим Дональд Трампын үйл ажиллагааг олон чиглэлээр мөрдөн шалгаж байгаа.
2018 оны арваннэгдүгээр сарын сонгуулиар Ардчилсан Нам төлөөлөгчдийн танхимд олонх болсноор ийм ажиллагаа улам эрчимжсэн юм. Трампын татвараас зайлсхийсэн, төрийн нууц мэдээлэлд хандах эрхийг бусдад олгосон, зарим асуудлаар Оросын нөлөөнд автсан эсэх зэрэг хэд хэдэн чиглэлээр тус тусдаа мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байна.
Эх сурвалж: Ikon, Quartz