Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монгол Улсад байнгын оршин суудаг элчин сайдын яамд, дипломат консулын газар, Гадаад хэргийн яамтай хамтран гурав дахь жилдээ сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээн өнөөдөр НЗДТГ-ын спорт зааланд эхэллээ.
Нөхөрсөг тэмцээнд Монгол Улсад байнгын оршин суугаа 10 улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, НИТХ, НЗДТГ зэрэг 13 байгууллагын найман эмэгтэй баг, 13 эрэгтэй баг, нийт 21 баг тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь хөрш орнууд төдийгүй дэлхийн бусад улс орнуудын хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, харилцан ойлголцлолыг бий болгох ажлын хүрээнд өнөөдрийн энэхүү нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнийг гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Өнөөдрийн тэмцээнд Улаанбаатар хотод байнгын оршин суудаг дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамд болон Гадаад харилцааны яам, НИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийт 21 баг оролцож байна. Улаанбаатар хотын гадаад харилцааг хөгжүүлж, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлууд дээр олон улсын хотуудтай хамтран ажиллаж дадлага туршлага солилцох, өмнөө тавьсан эдийн засаг, нийгмийн зорилтуудаа хэрэгжүүлэх хүрээнд энэ удаагийн нөхөрсөг тэмцээн чухал ач холбогдолтой” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.