Хосуудын харилцаа гэдэг нэг хүнээс биш, хоёр хүнээс хоёулангаас нь шалтгаалдаг нарийн нандин хэрнээ ээдрээтэй зүйл. “Сэтгэлийн дархлаа” энэ удаад хосууддаа зориулж “Focus on the family” байгууллагын захирал, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.Хосууд хэрүүл маргаанаа хэрхэн, яаж сөрөг үр дагаваргүйгээр шийдвэрлэх ёстой юм бэ?Ямар ч маргаан гардаггүй хосууд гэж хаа ч байхгүй. Хамгийн гол нь маргаанаа яаж шийдвэрлэж байна вэ гэдэг л чухал. Маргаан, зөрчил ихэнх тохиолдолд хосууд бие биенээ гүйцэд таньж мэдээгүйгээс болж гардаг. Гэрлэхийнхээ өмнө бие биенээ сонирхож, судалдаг бол гэрлэснийхээ дараа ингэж бие биенээ судлах нь багасч, бараг үгүй болж ирдэг.
Ресторанд суугаа хосуудыг гэрлэсэн, эсэхийг нь маш хялбархан мэдэж болдог талаар нэг яриа бий. Гэрлэж амжаагүй шинэхэн хосууд бие биеийнхээ нүд рүү ширтэж, гарыг нь барьчихсан, халамжлах маягтай сууж харагддаг бол гэрлэчихсэн хосууд хоёр өөр тийшээ хараад чимээгүй хоолоо идээд суудаг байх жишээтэй. Эндээс харахад хосууд гэрлэснийхээ дараа нэг нэгтээ цаг бага гаргадаг. Үүнээс нь болж зөрчил маргаан гардаг болж таарч байгаа юм. Өөрөөр хэлвэл ойр дотно харилцаа байхгүй болсноос зөрчил үүсдэг гэсэн үг.
Зөрчил үүсч эхэлдэг дээрх шалтгаанаас гадна тухайн хүмүүсийн ааш зан, үзэл бодол хамаатай байх аа, тийм үү?
Ер нь бол хосууд өөрсдөө үзэл бодол зөрчилдөөд болохгүй байна гэж ярьдаг. Гэтэл тэр хоёр хүн бие биенээсээ ямар мэдрэмж авч байгаагаас их зүйл шалтгаална. Нөхөрийнх нь ямар нэгэн зүйл эхнэрт таалагдахгүй байх, эсвэл эхнэрийн ааш зантай холбоотой ямар нэг зүйл нөхөрт таалагдахгүй байх тохиолдолд энэ намайг голж байна гэдэг үүднээс асуудалд хандаж, гомдол тавьж эхэлдэг. Улмаар энэ мэдрэмж нь тухайн хосуудын хооронд удаан даамжирч явснаар харилцааны томоохон асуудалд хүргэдэг.
Ингээд удаан хугацаанд бие биетэйгээ ойр дотно байхаа больсноор нөгөө хоёр хүн чинь тус тусдаа хайр халамжийг өөр хүнээс, өөр газраас хайж эхэлдэг. Нэг ёсны дутагдаж байгаа сэтгэл зүйн хэрэгцээгээ өөрт нь санаа тавьсан өөр нэг хүнээр орлуулж эхэлж байгаа юм. Ингэснээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг. Ерөөсөө гэр бүлийн таагүй уур амьсгал алдагдаад удаан явснаас л болж хосууд бие биенээсээ хөндийрөх, өөр хүнтэй болохын эхлэл тавигддаг гэж хэлж болно.
Тиймээс хосуудад зөвлөхөд ханьтайгаа маш сайн ойлголцох л хэрэгтэй. Эмэгтэй хүмүүсийн хувьд үүссэн асуудлыг байгаагаар нь бүгдийг гаргаж тавьж байж сая санаа нь амрах зарчмаар асуудлаа шийддэг онцлогтой. Харин эрчүүд эмэгтэйчүүдийн энэ онцлогийг ойлгодоггүй. Асуудлаа гаргаад тавингуут энэ одоо ямар ядаргаатай юм бэ, үглэж яншаад гэх маягаар хүлээж авдаг. Нөгөө талаас энэ олон асуудлыг нь би яаж шийдэж өгөх вэ гэдэг шийдэл хайж эхэлнэ. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүн шийдэл хайсандаа биш, зүгээр л дотроо онгойлгож, сэтгэлээ тайвшруулахын тулд бүх асуудлыг гаргаж тавьдаг юм.
Эхнэр нь “Би таргалаад байна, надад таарах хувцас байхгүй болчихлоо” гэх мэтчилэн асуудлаа ярьж эхлэх үед ихэнх нөхрүүд “Тэгээд фитнесст л явахгүй юу, таарах хувцсаа аваад өмсөхгүй юу” гэх маягаар өөдөөс нь ханддаг. Уг нь бол “Таргалах чамд минь хэцүү байна уу, яг юу нь төвөгтэй байна” гэх мэтчилэнгээр зовлонг нь хуваалцаж асуудалд ханддаг байх хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийн хувьд ийм байж. Тэгвэл эрчүүдийгээ эмэгтэйчүүд нь яаж ойлгох хэрэгтэй юм бэ?
Эрэгтэй хүнд ч бас эмэгтэй хүний адил сэтгэлээ хуваалцаж, нээлттэй байх хэрэгцээ байдаг уу гэвэл байдаг. Гэвч эрчүүдийн дйилэнх нь дотогшоогоо, дуугуй байдаг учраас тэр бүр илэн далангүй яриад байхгүй. Тэрний оронд ярих биш, үйлдэл хийж илэрхийлдэг. Эмэгтэй хүнийг бодвол тайвшрахдаа хүртэл удаан байдаг. Гарч явж архи уух, тамхи татах мэтээр асуудлаа шийдэж, тайвшрах гэж оролдоцгооно. Гэвч энэ нь араасаа заавал хортой үр дагаврыг дагуулдаг. Уг нь бол эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүрт сэтгэлээ нээж ярилцах хэрэгцээ байдаг юм шүү дээ.
Хүн уурлаж бухимдсан үед тархины урд тал буюу духны урд талын муж хэсгийн үйл ажиллагаа алдагдчихсан байдаг учраас бодлогогүй үг хэлж, хамаагүй үйлдэл хийх хэмжээнд оччихдог. Тиймээс хосууд уурласан үедээ хоёр талаасаа нэн тэргүүнд тайвширцгаах хэрэгтэй. Ийм нөхцөлд тайвшрах хамгийн сайн арга бол амьсгалын дасгал. Амьсгалын дасгал хийснээр хоёулаа тайвширч, уураа гарсны дараа хоорондоо ойлголцох боломжтой. Ингэж уурлаж, сэтгэл хөдөлсөн үед гэмт хэрэг гарах магадлал хүртэл нэмэгддэг юм. Тиймээс амьсгалын дасгалаас гадна хүн бүрт байдаг өөрийгөө тайвшруулдаг тэр аргаа хэрэглэж хамгийн түрүүнд уураа намдаах хэрэгтэй.
Муудалцах, хэрэлдэх нь мэдээж харилцаанаас үүдэлтэй. Гэвч муудалцах үедээ хэзээ ч дурьдаж гаргаж ирэх ёсгүй үнэт зүйл гэж хоёр хүний хооронд байх ёстой юм болов уу?
Тухайн хэрүүл маргаан яг одоо болж буй асуудал дээр төвлөрч байвал энэ бол харьцангуй эрүүл харилцаа мөн. Харин өнгөрсөнд болсныг эргэж сөхөөд гаргаж ирж байвал энэ нь тийм ч хүсээд байх зүйл биш.
Тэгвэл хосууд анхнаасаа хоёулаа муудалцахаараа ийм асуудлаа сөхөхгүй шүү гээд тохиролцоод дүрэм зохиочихвол зүгээр юм биш үү?
Хосууд тухайн асуудлаа хоорондоо ярилцаад эв зүйгээр шийдчих хэрэгтэй. Ингэхгүй бол хэрэлдэж маргалдах тоолондоо нөгөө асуудлаа сөхөж яриад байна гэсэн үг шүү дээ. Тиймээс уг асуудалтай холбоотой гомдол, сэтгэлийн шархаа заавал нэг тийш нь шийдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөнд байгаа асуудлаа заавал шийд. Нэгэнт шийдсэн бол түүнийгээ одоо цагт яригдаж буй асуудалтайгаа бүү хольж хутга гэж хэлмээр байна. Хэрвээ ахин дахин сөхөгдөөд байвал тухайн асуудал бүрэн шийдэгдээгүй байна л гэсэн үг.
Зарим хүмүүс миний сэтгэл аль хэдийнэ хөрчихөж гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгэл хөрөөд, хайргүй болоод, цаашдаа хамт амьдарч чадахаа байчихсан хэрэг биш. Зүгээр л удаан хугацааны үл ойлголцол явж байдаг. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж тусламж авахад буруудахгүй.
Миний хосуудад өгөх өөр нэг зөвлөгөө бол эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондын харилцаагаа 0-10 хүртэлх оноогоор дүгнэж болно. Нойль нь хамгийн муу, арав нь хамгийн сайн гээд ойлгочих. Ингээд бид хоёрын харилцаа яг одоо хэдэн оноогоор үнэлэгдэж байна вэ гэж хэмжээд аль болох арван оноо болгохын төлөө хамтдаа тэмүүлдэг байх хэрэгтэй. Хоорондын харилцаагаа үнэлнэ гэсэн үг л дээ.
Мөн хосууд бие биенээ хэзээ ч өөрийнхөө хүссэнээр өөрчлөх боломжгүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүн чинь чамтай танилцахаас өмнөх 20, 30 жилийн хугацаанд өөрийн гэсэн үзэл бодол, амьдралын хэв маягтай явж ирсэн хүн гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөр. Тэгээд тэр хүнийхээ юу хүсч байгааг ойлгож, мэдэрч, улмаар хоёр талаасаа харилцан буулт хийж сурах хэрэгтэй. Ингэснээр та хоёрын харилцаа хэвийн аятайхан түвшинд явах боломжтой. Ингэхгүйгээр энэ хүн хэзээ над шиг болох нь уу, хэзээ миний түвшинд хүрэх нь үү гээд суугаад байж болохгүй. Хэзээ ч тийм юм байдаггүй гэдгийг бодит амьдралын туршлага харуулсаар байгаа.
Өөр нэг анхаарах зүйл бол араар тавилт. Араар тавилт гарсан тохиолдолд эмэгтэй хүнээс хатан ухаан гарах ёстой. Хүлээц, тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгж байж эр нөхөртөө буулт хийж, амьдралаа хэвийн болгоно гэдэг хуучирсан ойлголтоосоо одоо салцгаая. Үүний оронд эрэгтэй нь ч гэсэн ялгаагүй буулт хийж байж харилцаа хэвийн болдог гэдгийг эртхэн ойлгох ёстой.
Дээр нь нэмж зөвлөхөд хосуудын хэн нь ч ялгаагүй өөрт ямар мэдрэмж төрж байгаагаа нууж хаалгүй зөвөөр илэрхийлж сурах хэрэгтэй.
Нөхөр чинь гэртээ оройтоод ирэхэд өөдөөс нь “Чи хаагуур хэнтэй юугаа хийгээд яваад байгаа юм” гэхийн оронд “Чамайг оройтоод байхаар би ганцаардаад байна. Чи ажлаа, эсвэл найзуудыгаа надаас илүү дээгүүр тавиад байгаа юм шиг надад санагдаж, найз нь ганцаардаад байна” гэх маягаар илүү эвтэйхнээр өөрийгөө илэрхийлж сурмаар байна.
Хоорондоо муудалцсанаар асуудлаа амжилттай шийдээд сурчихсан хосууд цөөнгүй байдаг юм шиг ээ. Муудалцахын сайн тал гэж байх уу?
Байнга л муудалцаад байна гэдэг чинь сайн зүйл огт биш. Ингэж муудалцаж байж асуудлаа шийддэг хосуудын харилцаа хэвийн, сайхан байж чаддаг гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Тогтмол муудалцсанаар бусдаас илүү амжилттай хосууд байж чадна гэж хэзээ ч байхгүй л дээ. Үүний оронд бие биедээ харилцан буулт хийж, ойлголцож сурах ёстой. Би хувьдаа байнга муудалцдаг хосууд аз жаргалтай амьдардаг гэж хэлж чадахгүй.
Хосууд муудалцахаараа ойр дотнын хүмүүстээ асуудлаа ярьдаг. Ингэснээр сөрөг үр дагавар хүртэл гардаг шүү дээ?
Энэ бол тийм ч ухаалаг шийдэл, сайн хэрэг биш. Тухайн хүн сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй байгаагийн шинж. Уг нь бол насанд хүрсэн хүн чинь аав ээж, найз нөхдөөсөө хараат бус байх ёстой. Тэр хүмүүс танд хэзээ ч тийм сайн оновчтой зөвлөгөөг өгч чадахгүй. Тэд та хоёрыг ойлгохоос илүүтэй “Наадах чинь давраад байна, наад хүнээ сайн базаад өг” гэх маягийн зөвлөгөөг л өгдөг юм. Тиймээс сэтгэлээ хуваалцах гуравдагч хүн хэрэгтэй байгаа бол хаа хамаагүй хүнд хандаж байхын оронд мэргэжлийн сэтгэл зүйчид хандсан нь дээр гэж зөвлөе. Мэргэжлийн сэтгэл зүйч ямар ч хадам, найз нөхдөөс илүү сайн зөвлөгч байж чадна.
Муудалцлаа гээд баадантай хувцсаа боож аваад аав, ээжийндээ, эсвэл найзындаа очиж суучихаад миний асуудлыг та нар оролцоод шийдээд өгөөч гээд суугаад байх нь зохимжгүй. Нас биед хүрсэн, бие даасан хүн ийм байж болохгүй шүү дээ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин