УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намаас гарах өргөдлөө өгөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэв Л.Болд гишүүнийг АН гишүүнчлэлээс хасвал УИХ дахь АН-ын бүлэг тарж, зөвлөлийн статусаар ажиллах учиртай. УИХ-ын ээлжит бус сонгууль эхлэхээс өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Л.Болд гишүүний асуудлыг нэг тийш шийдэж, бүлэг тарна гэж мэдэгдэж байсан ч одоо хүртэл Л.Болд гишүүн дунд шатны намын гишүүнчлэлтэй хэвээр байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс АН бүлгээ авч үлдэхийн тулд өөрийг нь хасахгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байсан бол Хан-Уул дүүргийн АН-ын хороо Л.Болд гишүүнд өргөдлийн хариуг нь албан ёсоор өгчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн тойрогт АН-ын нэр дээр сонгогдож Л.Болд УИХ-ын гишүүн болсон. Тиймээс намаас гарахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ өгөх ёстой гэдэг шаардлагыг тавьсан байна. Харин уг шаардлагад УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс хариу өгөөгүй байгаа гэнэ.
Тэрээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзвал АН Л.Болд гишүүнийг тавьж явуулахын зэрэгцээ УИХ дахь АН бүлэггүй болж, улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандантай хамтран нам байгуулах хүсэл зорилгоо биелүүлэх боломжтой болох аж.