Үндэсний мөнгөн тэмдэгт ТӨГРӨГ-ийн үүх түүхээс хүргэхэд 1925 онд хуралдсан БНМАУ-ын II Их хурлаас “Мөнгөний явдлыг шинэтгэн сайжруулах тухай” тогтоол гаргаж байжээ. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 9-нд ЗХУ-д үйлдвэрлэсэн зоос болон цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Тухайн үед Төгрөг нь 88 мексик центтэй тэнцэж байхаар мөнгөний ханш тогтоожээ.
1928 оны эхэн хүртэл мексик доллар төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд аажмаар төгрөгийн үүрэг өсөн нэмэгдсээр 1927 оноос эхлэн байгууллага, аж ахуйн балансыг төгрөгөөр гаргах болсон байна. Үндэсний мөнгө зээлийн тогтолцоог бүрдүүлэхэд үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулахын хамт түүний ханшийг тогтворжуулах, санхүү зээл, төлбөрийн бүх тооцоог төгрөгийн нэгжид шилжүүлэн тооцож жигдрүүлэх шаардлагатай байжээ.
Учир нь улсын төсвийн тооцоог 1925 он хүртэл лангаар, 1925 оноос мексик доллараар хийж байсан тул мексик доллар, төгрөгийн ханшийн ялгаа зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг арилгах явдал чухалчлагджээ. 1927 онд хуралдсан БНМАУ-ын IV Их хурлаас “Улсын эдийн засгийн явдлыг хөгжүүлэн бататгах хэрэгт чухал холбогдох мөнгөний явдлыг шинэтгэн сайжруулах хэргийг улам чанартай болгон явуулж, нөгөөтэйгүүр тус улсын цаасан төгрөгийг алтан баталгаатай болгож, үнэ ханшийг тогтвортой болгох, гадаадын мөнгөний зүйлийг тус хязгаарын дотор зарцуулахгүй болгох зэрэг явдлыг эрхбиш цаг зүйд нийлүүлэн явуулж, улсын ба ард олны аж ахуйн явдалд алдагдал хохиролгүй болгохыг чухалчлан оролдож гүйцэтгэвэл зохино” гэсэн шийдвэрийн дагуу Монголбанкинд хуримтлагдсан улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны дөрөвдүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ.
Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют “төгрөг” бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны наймдугаар сарын 1-н гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ.