Орон нутгийн замд гарах жолооч нарт хандаж, Онцгой байдлын газар болон Тээврийн цагдаагийн алба, бусад холбогдох албаныхнаас өдөр бүр цаг агаарын мэдээ мэдээлэл, авто замд аюулгүй зорчих талаарх сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэдэг. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн авто замын ноцтой ослууд байнга гарч, эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирсоор байна.
Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хар цохио” гэдэг газар Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд явж байсан Норд бенз загварын ачааны автомашин онхолджээ. Автомашиныг Улаанбаатар хотын харьяат 45 настай иргэн С /эрэгтэй/-гийн жолоодож явсан байна.
Ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг өчигдөр 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 13 алба хаагч аймгийн төвөөс 4 км зам туулан, 16:56 цагт очжээ. Алба хаагчид ослын газарт 2 цаг ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан явахыг нийт жолооч нарт дахин анхааруулж байна.