Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Байконур дахь сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн юм.
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг болон Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв Зөвлөлийн дарга, Ардын их хурлын орлогч дарга, депутатаар гурван удаа сонгогдож, Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн штабын дарга, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Сансрын нисгэгч, хошууч генерал, Монгол Улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн Ж.Гүррагчаагийн сансрын нислэгийнхээ талаар хуучилсан содон баримтыг түүвэрлэн хүргэе.
-Интеркосмос хөтөлбөрийн орнуудын сансрын нисгэгчдийн баг Оддын хотхонд бэлтгэлд хамрагдан эхний баг 1980 онд сансарт ниссэн. Болгар, Унгар, Ветьнам гэх мэт цагаан толгойн үсгийн дарааллаар нисч, Куба найз нараа үдээд Монголын багийн ээлж ирлээ. Манай нэгдүгээр экипажийн дарга Жанибеков 1978 онд сансрын анхны нислэгээ хийсэн туршлагатай нисгэгч. Сансрын тойрог замд бэлтгэж буй нэг, хоёрдугаар экипажийн алийг нь нисгэх вэ гэдэг сонголт нууц байдалд болсон.
-Сансарт ниснэ гэдгээ би 48 цагийн өмнө буюу гуравдугаар сарын 20-нд мэдсэн. Энэ өдөр Сансрын нисэх буудалд Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх, Батлан хамгаалахын сайд Ж.Авхиа, ШУА-ийг төлөөлж Б.Ширэндэв, Намын төв хороог төлөөлж Г.Адъяа тэргүүтэй хүмүүс хэвлэл мэдээллийнхэнтэй ирж, улсын комисс хуралдсан. Биднийг хуралд орж ирэхэд нөгөө том дарга нар эхний эгнээнд өөдөөс хараад сууж байна. Хурлын дараа нэгдүгээр багийг сансрын гараанд гаргахаар томилсон гэж дуулгалаа.
-Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбай, Казахстаны тал нутаг миний Монголтой төстэй. Очсоныхоо маргааш өглөө хөлгийн даргатайгаа дадсан ёсоор дасгал хийж өглөөний нартай золгох үед би Танын голын хөндий, Монголын элсэн манханууд, бага насаа санан дурсаж байв. Тэгэхэд командлагч надаас “Гүрээ чи юу бодож байна вэ” гэж асуусан. “Бага насаа бодож явна” гэхэд “Сансрын нисгэгчид энд ирэхээрээ бүгд бага насаа боддог юм” гэж билээ.
-1981 оны гуравдугаар сарын 21. Нислэгийн өмнөх бэлтгэл дууслаа. Нэг минутын бэлэн байдал зарлалаа гэж нислэгийн удирдагч мэдэгдэв. Командлагч скафандрын бээлийтэй гараар мөр дараад инээмсэглэж байна. Москвагийн цагаар 17 цаг 58 минут болж байв. Цагийг секунт дойлоор тооцож байв. Сүүлийн минут: тав, дөрөв, гурав, хоёр, нэг… “Подъём” гэсэн команд сонсогдов. Пуужин нүргэллээ. Газраас тасраад 530 секундын дараа “Союз-39” хөлөг тойрог замд орлоо.
-Сансраас дэлхийг харах хүсэл хачин их оргилж байлаа. Гэвч зөөгч пуужингийн нэгдүгээр үеийг салгах хүртэл юм харагдахгүй, харанхуй л байна. Хөлгийн дарга газар дэлхий харагдах болоогүй, түр хүлээ гэж байна. Тун удалгүй Жанибеков дуудаад “За Гүрээ одоо хараарай!” гэсэн. Номхон дөлгөөн далайд өглөөний нар мандаж байв.
-Манай бөмбөрцөг мөн ч үзэсгэлэнтэй. Эх дэлхий энхрий, нялх цэнхэр өнгөтэй харагддаг юм билээ. Газар дэлхийгээ хараад “Өвөг дээдэс маань эх дэлхийгээ сансрын нисгэгчид шиг дээрээс хараагүй ч Уяхан замба тив хэмээн яасан оновчтой нэрлээ вэ. Ямар гайхамшигтай билгийн мэлмий вэ” гэсэн бодол төрсөн. Сансрын нисгэгчид эх дэлхийгээ “миний цэнхэр гариг” хэмээн нэрлэдэг юм.
-Миний Монгол сансраас “нисч яваа шувуу” шиг эсвэл “дэлгээд тавьчихсан монгол дээл” шиг, Төвдийн өндөрлөг “дэлхий дээр байгаа ширээ” шиг харагддаг. Дээр нь амьдарч байхад энэ дэлхий асар том юм шиг бодогдох ч сансрын уудмаас өчүүхэн жижиг харагдана. Сансрын уудамд гарсан хүн л “Бид чинь ганцхан эх дэлхийтэй, нэг бүлийн хүмүүс” юм байна гэдгээ ойлгодог. Энэ жижигхэн дэлхийгээ хүн төрөлхтөний, тэдний оюун санааний өлгий гэж бодохоор улам хайрлах сэтгэл төрдөг.
-Сансраас өч төчнөөн хот тосгодыг эрэг дээрээ багтаан ундаалсан Амазонк мөрний ус хэрхэн бохирдож, ус нь өөр өөр өнгөтэй болсоор далайд цутгаж буй, байгаль дэлхий гал түймэрт хуйхлагдан шатаж, асар их утаа униар татаж байгаа нь харагддаг. Энэ ертөнц хүн төрөлхтөнөөс болж хэрхэн хэлмэгдэж байгааг сансраас харсан хүн бүхэн дэлхийгээ хайрлахын учрыг ойлгоно. Цэнхэр гариг руу ниссэн сансрын нисгэгч бүр “Энэ хорвоогийн бүх хүнд эх дэлхийг нь сансраас нэг удаа ч болов харуулахсан. Эх дэлхийгээ хайрлах, хойч үеийнхэндээ энх тунх хүлгээлгэж өгөх ажлыг хүн төрөлхтөн эхлүүлэх болсон байна” гэж дуу алдахыг би олон удаа сонссон.
-Тойрог замд явж байхад янз бүрийн юм алга болчих нь гайхмаар. Нэг туршилтын үеэр би тэмдэглэл хийх хэрэгтэй болов. Туршилт завсарлах үед үзгээ тусгай бэхлэвчинд шургуулахгүй бол нисээд тэнэчихдэг юм. Намайг ажиллаж байхад кино аппарат ажиллаж, зураг авч бүгд л миний өөдөөс харж байсан. Цуврал тэмдэглэлээ хийж дуусгаад би үзгээ бэхлэх ёстой газартаа нямбайлж бэхлээд цонхоор харсан. Эргэж ирээд ажлаа үргэлжлүүлэх гэтэл үзэг байдаггүй. Бүгд намайг харцгааж байсан атал үзгээ хаана тавьсаныг хараагүй аж. Хайгаад, хайгаад олоогүй. Тойрог замын цогцолборын дарга Ю.Коваленок бугуйн цагаа гээв. Олж өгсөн хүнийг шагнана гэж зарлаад ч нэмэр болоогүй.
-Сансрын хөлгийн бүхээгт шүдэнз асаахад дээшээ биш дарьтай толгойг тойроод бөөрөнхий бамбар хэлбэртэй асна. Бүхээгийн агаар цэвэр тунгалаг байх ёстой. Агаар солилцох ямар ч боломжгүй тул тамхи татаж болохгүй. Сансрын хөлгийн галын дохиоллын систем бий. Ямар нэгэн тортог утааг температураар хянадаг.
-Хөлгийн бүхээгт сансрын нисгэгчид монгол мэргэжилтнүүд болон Ленинградын хоолны институттэй хамтран бэлтгэсэн, дулааны боловсруулалт хийж, амтлан хуурайшуулж, нунтагласан, манай улсын мал сүргийн биологийн туршилтын түшиц газар болох Дорноговь аймгийн Даланжаргалан сумын үхрийн нунтаг борц, Увсын чацарганы хуурайшуулсан сүүн бэлдмэл дээр буцалсан ус хийж хооллож байсан.
-Нислэгийн программд Монгол Улсын зүгээс улс ардын аж ахуйд ач холбогдолтой 14 зүйлийн сорилт, туршилт төлөвлөсөн байв. Энэ нь манай нутаг дэвсгэрийг бүрэн судлахад маш их ач холбогдолтой туршилт байв. Хамтарсан нислэгийнхээ үед хийсэн “Алтай-1”, “Алтай-2”, “Эрдэнэт” зэрэг туршилтын үр дүн тухайн үед гарч шинжлэх ухааны тайлан бичигдсэн.
-Сансарт хөөрөх буухад л асар их хурдыг мэдэрдэг. Тойрог замд орсон хойно хурд мэдрэгдэхгүй. Газарт буухад биеэ чангалж, шүдээ зуухыг нислэгийн удирдлагын төвөөс сануулж байв. Бид хоёр товлосон газартаа буусан. Буух цэг 90 км урт, 30 км өргөнтэй. Газар буухад биедээ авч явсан найман жин ачаа 10 жин болчихсон мэт болдог. Багаж найман жинг л зааж байхад шүү дээ. Буухад бүсэлхийнээс доош бага зэрэг дуулгавар муутай болчихсон байв. Алхах гэтэл нэг л эвгүй. Би явж байгаа биш миний харж байгаа зүйл өөдөөс хөдөлж байх шиг харагдсаны дээр яг л хөлд орж байгаа хүүхэд шиг тэнтэр тунтар алхсан.
-Бид сансарт долоо хоног, 20 цаг, 42 минут ниссэн. Дэлхийг 124 удаа тойрсон. Сансрын нэг хоног дэлхийн 90 минуттай тэнцдэг. Сансрын хөлөг секундэд найман километр зам туулна. Хөлөг 88 минутад дэлхийг бүрэн тойрно. Өдөр шөнө солигдох 24 цагийн дотор сансрын тойрогт 17 удаа үүр цайж, үдэш болно.
-Өнөөдрийн нийгмийн амьдралыг сансар судлалгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Сансрын станцын тусламжтайгаар цаг агаарын төлвийг урьдчилан мэдэж, далайд аялж буй загас агнуурын хөлөг онгоцыг хүртэл удирдаж байна. Газрын доорх эрдэс баялгийг нээх, хайх гээд сансрын судалгааны тусламж аваагүй зүйл алга болж. Хүн төрөлхтөн сансар огторгуйг улам л нарийвчлан судалж байна.
6 comments
Sansart niseed yamar ashig garav
Zudendee harsanaa haruulahnuu, chamtai chamgui NASA giin uchinuun barimtat kino bna doo
Ийм тэнэг байж яаж өдий хүртэл амьд явдгийн.
youtubees harchiidaa niseh bolomjgui umchini.
2-ulaa nisee zdee baahan amitantai nissen boloo shaachilaa ene tenegiig yah gej oros ruu yavuulj buun mungu zarlagdvaa zdak neeree
ГҮР БААТАРЫН ГАВЪЯАГ ҮГҮЙСГЭХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ МУНХАГ ХЭРЭГ.ӨНӨӨДӨР СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХИЙЖ БҮЭЭСЭН БҮХНИЙГ ҮГҮЙСГЭЖ ХАРЛУУЛАХЫГ АРЛЧИЛАЛЫН ГЭХ АРЬС НӨМӨРСӨН АД ЗЭТГЭРИЙН СҮГНҮҮД ЧАРМАЙХ БОЛЖЭЭ