Нийгэм

Өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн өдөр

Өнөөдөр (2019.03.22) Монгол хүн анх сансарт ниссэн өдөр. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Байконурын сансрын буудлаас БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. ​​​

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн анхны Монгол, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг юм.

19021283_1418762448208346_1381535510_n Өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн өдөр

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна.

Энэ үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ. Түүнийг сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан гавьяатай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close