УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. УИХ-ын Тамгын газраас О.Баасанхүү гишүүнд өнөөдөр (2017.04.24) албан өрөөгөө суллаж өгөхийг шаардсан албан тоот ирсэн байна. Тиймээс О.Баасанхүү гишүүн Төрийн ордны коридорт ширээ сандалаа байрлуулаад энэхүү мэдээллийг хийж байна гэдгээ хэлэв.
Мөн “Сүүлийн үед би УИХ дээр хэлэлцэж буй хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг эсэргүүцсэн. Учир нь тус хуулийн хүрээнд Хятадын банк орж ирэх гэж байна гэсний төлөө Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нарын гишүүд намайг эрээ цээргүй дайрч давшилж доромжилсон.
Эдийн засаг хүндэрсэн энэ үед Орхон аймагт хоёр ч жийп машиныг төсвийн хөрөнгөөр худалдаж авлаа гэж хэлсний төлөө өөрөө Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа жийп машин унасан хэмээн гүтгэсэн. Үүний зэрэгцээ ХХААХҮЯ, Сангийн яам зэрэг том барилгатай яамыг нийлүүлж байрыг нь нэгтгээч ээ гэсний хариуд өнөөдөр би өрөөгүй болчихоод байна” гэсэн юм.
О.Баасанхүү гишүүн мөн “Намайг МАХН-аас гарах гэж байна гэсэн мэдээлэл нь ташаа юм. Өнөөдрийн хийж буй мэдээлэл бол өрөөний тухай асуудал биш. УИХ дахь МАХН-ын ганц гишүүнийг ганцуурдуулж, хэн ч биш болгож байгаа асуудлын тухай юм” хэмээн нэмж хэллээ