2019 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,198 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Ослын улмаас нийслэлд 4 хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт 6 хүний амь нас хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал: СХД-ийн нутаг “Монгол наадам” цогцолбор орох замд амины T.Mark2 автомашин онхолдож зорчигч 20 настай О, 13 настай Д нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ба жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон байна, Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 21 настай Т-н амь нас хохирсон, СХД-ийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж H.Aero city маркийн автобусны жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын үйлдэгдсэн хэлбэрийг авч үзвэл явган зорчигч мөргөсөн 1, автомашинтай мөргөлдсөн 1 осол бол дийлэнх хувийг буюу 4 осол нь онхолдох хэлбэрээр гарчээ. Энэ хэлбэрийн осол гарах гол шалтгаанууд нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалж байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 23 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 39 осол нь мөргөлдсөн, онхолдох хэлбэрээр 3 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 8.9 хувиар, гэмтсэн хүний тоо 57.6 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 2.3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27.3 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ТЦА