МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар өчигдөр /2019.03.21/ мэдээлэл хийж, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Прокурорын байгууллагын Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг “Сагсайдаж” ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон” хэмээн ярьсан юм.
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан “Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно” гэх мэдээллийг өгсөн билээ.
Тэд яг одоо /2019.03.22/ “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ё.Сагсай прокурортой холбоотой “нууц” бичлэгийг олон нийтэд хэсэгчлэн үзүүлж байна.
Энэ бичлэгийг Улаанбаатарын зочид буудалд прокурор асан Ё.Сагсайг нэгэн эмэгтэйтэй хамт байж байхад хэсэг залуучууд орж ирж хийсэн. Хэзээ хийсэн, хохирогч нь хэн болохыг хэлэхгүй гэж Ж.Эрдэнэжамъян хэлэв. Бичлэг дээр нүцгэн сууж байгаа прокурор асан хэн нэгнийг гэмт хэргээс даруйхан суллахаар амлаж байгаа яриа бичигдсэн байна.