Онцгой байдлын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Шалгалтыг Шадар сайд Ө.Энхтүвшингийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу хийсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламж хамрагдсан бөгөөд гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 1772 зөрчил дутагдлыг илрүүлжээ.
Хяналт шалгалт хийх явцад 410 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 223, мэдэгдэл 68, танилцуулга 6-ыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.