Үндэсний телевиз хэмээх ганцхан сувагтай, тэр нь 18.00- 23.00 цагт нэвтрүүлгээ цацдаг, үзэж харах зүйлээр хомсхон байсан үе саяхных. 18.00 цаг болж, телевизийн хөтөлбөр эхлэхийг өдөр болгон хүлээдэг асан хүүхэд насны минь дурсамжинд “Телекино үйлдвэрт бүтээв” гэдэг өгүүлбэр их тод үлджээ. Кино концерт, богино хэмжээний кино, теле зохиомж зэрэг хамгийн үзүүштэй, сонирхолтой, хүлээн байж үздэг үзвэр бүхний төгсгөлд дээрх өгүүлбэр гардаг байсан юм.
Тэр бүхнийг бүтээлцээд, өөрөө ард нь чимээгүйхэн явж байсан, монголчууд телевиз хэмээх цоо шинэ зүйлтэй танилцсан 1967 оны долдугаар сарын 11-нээс өнөөг хүртэл дэлгэцийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа нэгэн эрхмийг “Хоймор”-тоо урив. Энэ бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Дэмидийн Хишигт. Хүмүүс түүнийг “Баримтат киноны Хишигт” гэдгээр нь илүү мэддэг юм билээ.
-Таныг жүжигчин мэргэжлээр цөөнгүй жил ажилласан гэж сонссон?
-Урлаг, уран сайханд дурлаж эхэлсэн маань их эртнийх. Би чинь “Цогт тайж” киног бүтээхэд “хувь нэмэр” оруулж явсан хүн шүү дээ. Намайг гуравдугаар анги төгссөн зун юм сан уу, 1944 онд, манай аймгийн (Архангай) төвийн Булган ууланд “Цогт тайж” киноны зургийг авсан юм. Тийм сонирхууштай үйл явдлыг хүүхдүүд яаж зүгээр өнгөрөөх билээ. Сайран хөллөсөн хэдэн жаал зунжин киноныхныг дагаж гүйсэн. Цэрэндэндэв (Арслан тайж) гуай их сайхан зантай хүн байлаа. Тулалдаан болж байгаа газар малгай, бамбай, нум, сум, сэлэм жад гэх мэтийн жижиг хэрэглэл гээгдэнэ. Түүнийг эрж олох гэж багагүй ажил болдог байсан учраас хаягдаж гээгдсэн эд зүйлсийг цуглуулах ажлыг бидэнд даатгаж, киноны ажилд “хувь нэмэр” оруулах боломж олгосон.
Тэр том жүжигчин биднийг тоож үг солиход их баярладаг сан. “Та нар жүжигчин болъё гэвэл Улаанбаатарт очиж Урлагийн сургуульд сураарай” гэж зөвлөнө. Зураг авах ажил нь эрт дууссан үед киноныхон аймгийн клубт “Шарай голын гурван хаан”, “Талын баатар” гэх мэт жүжгийн хэсгээс тоглож, манай аймгийнханд урлагаар үйлчилнэ. Тэр зун үгүй мөн зугаатай, сайхан байж билээ. Ингээд л урлагт дурласан хэрэг.
Намар нь сургуульдаа ороод уран зохиолын хичээлдээ тун идэвхтэй боллоо. Багш шүлэг цээжлүүлж, уншуулахад зун үзсэнээ дуурайж, жүжиглэсэн маягтай уншина. Үүнийг минь багш нар их тоож, сургуулийн урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцуулдаг болов. Зургадугаар ангид орох жилээ хотод ирж Урлагийн сургуульд орлоо.
1947-1950 онд Урлагийн сургуульд суралцаж, төгсөөд Улсын хөгжимт драматик театрт “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” жүжгийн олны хэсэгт тоглож хэдэн сар явсан. 1950 оны сүүлчээр Улсын хүүхдийн театр байгуулж, манай ангийнхныг бүгдийг нь тийш нь явуулав. Бид 1951 оны нэгдүгээр сараас сургуулилалтаа эхэлж, тэр оныхоо тавдугаар сарын 14-нд одоогийн Хөрөнгийн биржийн байранд Улсын хүүхдийн театр хөшгөө нээж, анхны тоглолтоо тавьж байлаа. Тэнд зургаан жил ажилласан.
Гэтэл Соёлын яамны уран бүтээл эрхэлсэн орлогч сайд Л.Ванган багш “Монголд театр цөөхөн байна. Нийслэлд Хөгжимт драматик, Хүүхдийн, Хүүхэлдэйн гэсэн гуравхан театрбайна. Орон нутагт Дорнод, Ховд аймгаас бусад нь театргүй. Бүхэл бүтэн улс байж тавхан театртай байж болохгүй. Зөвхөн Москва хот л гэхэд хэчнээн театртай билээ.
Манай улс олон театртай болох шаардлагатай. Үүний тулд найруулагч, мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэх, урын сантай болох хэрэгтэй. Та нар энэ ажилд оролц” гээд манай ангийнхныг хөдөө явуулав. Намайг Дорнод аймгийн театрт уран сайхны удирдагчаар томилсон. Би тэгэхэд дөнгөж хорин хэдтэй л байлаа.
-Найруулагчийн ажилд хэзээ шилжсэн хэрэг вэ?
-Дорнодод нэг жил ажиллаж байтал “Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явах уу” гэв. Би хүүхэд байхаасаа кино урлагт дурласан, Урлагийн сургуульд сурч байхдаа “Тангараг”, “Тосгоны багш”, “Ёстой хүний тууж” зэрэг орчуулгын кинонд дуу оруулалцаж явсан, “Шинэ жил”, “Манай аялгуу”-д оролцон тоглосон, өөрийнхөө хэмжээнд кино гээчийг гадарладаг болчихсон үе. “Явна аа, кино найруулагч болно” гэлээ. Ингээд хойшоо явсан ч харамсалтай нь сургуулиа төгсөж чадаагүй, хоёр жил болоод ирсэн.
-Яагаад төгсөж чадаагүй гэж?
-Мэдрэлийн ядаргаанд ороод, нойргүйдэх өвчин туссан. Орос хэл мэдэхгүй хүн чинь хэл сурах гэж өдөр, шөнөгүй номтой зууралдан, байдгаараа чармайсан юм. Тэгсээр байгаад шөнө унтаж чадахгүй болов. Өдөр хичээл дээр бие нозоорч, нойр хүрээд байх хэрнээ унтах гэхээр нөгөө нойр ор сураггүй болчихно.
Удаан тэгж явахаар “Унтах сан” гэхээс өөр юм бодохоо больдог юм билээ. Ингээд нутаг буцахаар шийдэж, багшдаа хэллээ. Би Зөвлөлтийн нэрт найруулагч, Лениний болон Сталины долоон удаагийн шагналт Михайл Роммын удирдлага доор сурч байсан юм. Намайг буцах болсныг дуулаад багш “Эрүүл мэнд болохгүй байгаа бол яах ч аргагүй. Нутагтаа очоод үргэлжлүүлж сураарай” гэсэн.
“Манайд кино найруулагчийн чиглэлээр сурах сургууль байхгүй. Би “Монголкино” үйлдвэрт гэрэлтүүлэгч, туслах ажилчнаар ч хамаагүй ажиллая гэж бодож байна” гэтэл “Тэгвэл номтой сайн нөхөрлөөрэй” гэж захьсан. Ингээд би Москвагаас эхнэртээ толгойн алчуургүй хэрнээ хэдэн чемодан номтой ирсэн дээ.
-Таныг “Монголкино” үйлдвэрт ажиллахдаа нэлээд хавчлага, шахалт доор уран бүтээлээ туурвиж байсан гэж сонссон?
-ЗХУ-аас ирээд Соёлын яамаар орлоо. Ч.Лодойдамба гуай уран бүтээл эрхэлсэн орлогч сайд болсон байв. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын дундуур Хөвсгөл аймгийн соёл урлагийн 10 хоног болно. Тоглолт, жүжгийг нь найруул” гэсэн томилолт өглөө. Одоо бодоход намайг шалгасан хэрэг байх. Соёл урлагийн 10 хоногийн тоглолт, жүжиг гайгүй үнэлэгдэж, 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс “Монголкино” үйлдвэрт туслах найруулагчаар ажиллуулах тушаал гарсан.
Энд зургаан жил ажиллахдаа “Салхины амт”, “Алтан өргөө” уран сайхны кинонд туслах найруулагчаар ажиллаж, “Баясгалан”, “Тус биш ус” уран сайхны кино, хэд хэдэн баримтат кино, арав гаруй “Кино мэдээ” телесэтгүүлийг бие даан найруулсан. Ганц кино зохиол бичсэн. Тэнд ажиллахад эхнээсээ л бүтэлгүйтсэн. Тэгээд өөдлөөгүй дээ.
-Яасан юм бэ?
-Миний анхны кино “Баясгалан” шүү дээ. Уг киноны ерөнхий найруулагчаар сонгогдсон үе “Монголкино” үйлдвэр одоогийн байрандаа дөнгөж нүүж очихтой давхацсан юм. Шинэ байрны нээлт болж, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын албаны хүмүүс ирж, бидний ажилтай танилцлаа.
Тэд явж байгаад манай өрөөнд ороод ирэв. “Баясгалан” киноны Дарьсүрэн хэмээх залуу багшийн дүрд шалгаж, пробонд оруулсан арваад бүсгүйн гэрэл зураг манай өрөөнд дэлгээстэй байлаа. Тэр бүрэлдэхүүнд явсан Соёлын яамны орлогч сайд Шаравдорж гэдэг бүжигчин бүсгүйн зургийг заагаад “Энэ энд юу хийж яваа юм” гэхээр нь “Хийж гэж буй киноны пробонд орсон юм.
Наад бүсгүйг чинь л тун боломжийн юм уу гэж ярилцаад, сонгочихоод байна” гэлээ. Хүмүүс гарахад орлогч сайд үлдэж “Шаравдоржийг болиорой. Киноныхонд бузарлуулах хүүхэн биш шүү, наадах чинь” гэчихээд явлаа. Залуу, шартай хүмүүс чинь ийм үг сонсоод яаж дуугүй байх вэ.
“Киноныхон хүн бузарладаг улс уу” гэж баахан шаагилдав. “Монголкино” үйлдвэрийн уран сайхны удирдагч Э.Оюун багш “Дуурийн театр байгуулах гэж гадаадад бэлтгэсэн бүжигчнээ кинонд тоглож, морь унаж яваад хөл гараа гэмтээх вий л гэж санаа зовсон хэрэг” хэмээн тайлбарлаж, биднийг тайвшруулж, зөөллөсөн юм даг. Киногоо хийгээд Соёлын яамны хяналтаар ортол Уран сайхны зөвлөл гэгч нь түмэн янзын юм ярьж, хэрэгтэй, хэрэггүй засвар хийлгээд болдоггүй.
-Тэр хүүхнийг нь тоглуулчихсан юм уу?
-Э.Оюун багш биднийг ятгаж, өөр хүүхэн тоглуулсан. Тэр үед зүгээр нэг муу туслах найруулагчаар кино хийлгэлээ, би оронд нь найруулах байсан юм гэсэн атаа жөтөө ч байсан юм уу, нэг нөхөр орлогч сайдад “Таны хэлсэн үгийг эсэргүүцэж олон юм ярьсан” гэсэн алтан хошуу хүргэсэн шиг билээ.
Янз бүрийн засвар хийлгэсээр байгаад киног минь тэс өөр болгож, зохиолчийн санааг ч орвонгоор нь эргүүлчихсэн болохоор Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов гуай эсэргүүцэж, би ч зохиолчийнхоо талд зогссон. Ингээд “Биеэ тоосон нөхөр. Анхны киногоо хийгээд биеэ тоосон” гэдэг нэр зүүн, кино найруулах эрхээ хасуулаад баримтат кино, орчуулгын кинонд ажиллаж байтал Л.Ванган багш “Монголкино” үйлдвэрийн уран сайхны удирдагчаар ирсэн.
Л.Ванган багш “Хишигтээр юм хийлгэе. Үүнийг ингээд зүгээр байлгаад байж болохгүй” гэхэд нь зарим хүн “Дарга удирдлагатай үг зөрдөг, биеэ тоосон нөхөрт кино найруулах эрх өгч болохгүй” гэсэн ч зөрж байгаад надад “Тус биш ус”-ыг найруулах эрх өгсөн. “Тус биш ус”-ыг гайгүй кино болсон гээд Москвагийн олон улсын кино наадамд явуулах болов.
Найруулагч нь киногоо авч явдаг юм чинь би олон улсын кино наадамд оролцох нь гэж баярлаад, эхнэр, хүүхдэдээ хэлж, ойр зуурын бэлтгэлээ базаав. Гэтэл яг явах болоход намайг хасаад, манай кинонд ямар ч холбогдолгүй хүнийг миний оронд явуулчихдаг байгаа. Их гомдолтой санагдаж билээ. Залуу хүн чинь урмаар ажилладаг шүү дээ. Иймэрхүү хандлагууд хүний урмыг хугалдаг юм билээ.
-Кино найруулагч болох мөрөөдөлтэй залуу телевиз рүү урваснаас хойш 50 жил өнгөрчээ. “Монголкино” үйлдвэрт ажиллах урам зориг мохсоноос телевизийн хүн болсон уу?
-Л.Ванган багш биднийг жүжигчин байхаас л жүжгийн зохиол бич гэж хэлдэг байв. Тэгээд “Нөмрөг хадны цуурай” киноны зохиолыг бичиж, Р.Доржпалам найруулан, кино бүтээлээ. Гэтэл Төв хорооноос киног маань үзээд, “Хишигт, Доржпалам хоёр намын эсрэг кино хийсэн байна. Социализм байгуулах гол хүчин болсон ажилчин ангийн төлөөлөл жолоочийг хүн муутай, өөдгүй хүнээр харууллаа.
Монголын ард түмнийг хооллож, хувцаслаж байдаг малчдыг арчаагүй байдлаар үзүүллээ” гээд киног маань хаачихдаг юм байна. Ингээд сэтгэлээр нэгмөсөн уначихаад байтал зохиолч Дожоодорж “Телевиз гээч юм байгуулна, ЗХУ руу хүмүүс явуулж сургана гэж байна. Тийшээ явъя” гэлээ. Нэгэнт урам зориг мохсон, тэгээд ч телевиз хэмээх цоо шинэ зүйл сонирхол татсан тул очлоо. Анх очиход С.Жалан-Аажав гуай “Өөрсдөө санаачилгаараа ирсэнд баяртай байна. Бүгдийг чинь авна” гэсэн юм.
Гэтэл хоёр хоногийн дараа нарийн бичгийн дарга нь утасдаж, “Таныг авахаа больсон” гэлээ. Тэгснээ хэд хоногийн дараа С.Жалан-Аажав гуай дуудуулж. Очтол “Чи чинь дарга удирдлагатайгаа их маргалддаг хүн гэнэ үү. Энд ирчихээд хүнтэй маргалдаад байж болохгүй шүү” гээд ЗХУ руу курсэд явуулахаар болсон.
Төгсөж ирээд телевизийн туршилтын нэвтрүүлгээс эхлээд ажилласан даа. 1967 оны долдугаар сарын 11-нд анхны туршилтын эфирээ цацаж, Ардын хувьсгалын 46 жилийн ойн тоглолт, хүндэтгэлийн арга хэмжээ, бөхийн барилдааныг шууд дамжуулсан. Тэгэхэд би ажиллаж байлаа.
-Удирдлагатайгаа ам зөрдөг гэсэн шошго таныг овоо удаан дагажээ. Та тийм их хэл амтай хүн байсан хэрэг үү?
-Орлогч сайдын үгийг эсэргүүцсэн, Уран сайхны зөвлөлийн хурал дээр бүтээлээ хамгаалж маргалдсанаас өөр гэм, буруу надад байгаагүй. Архи дарс, мөрийтэй тоглоом, зодоон цохион гэх мэт болж бүтэхгүй бүхнээс хол хүн шүү дээ.
-“Монголкино” үйлдвэрээс телевиз рүү ирсэн нь харин ч оножээ. Та байгаагүй бол МҮОНТ-ийн алтан сан хөмрөгт байгаа гайхалтай баримтат кинонууд бүтээ ч үү, үгүй ч үү?
-“Телекино” үйлдвэрийн маань бүтээлүүд шүү дээ. Телевиз эфирээ цацаж эхэлснээс 6-7 сарын дараа, 1968 оны эхээр дүрс бичлэгийн цех байгуулж, намайг даргаар нь тавьсан. 1971 онд манай цехийг өргөтгөн, “Телекино” үйлдвэр байгуулсан. Би уг үйлдвэрийн уран сайхны удирдагчаар ажиллаж байлаа. 1991 онд би тэтгэвэртээ гарч, үйлдвэр маань ч тарж бутарсан даа.
“Телекино” үйлдвэр ажилласан 20 жилийн хугацаандаа гурван сая гаруй метр хальс телевизийн нэвтрүүлэгт бэлдэж өгсөн. Кино концерт, богино хэмжээний уран сайхны кино, теле зохиомж, жүжиг гээд бүх л төрлийн бүтээл хийж байлаа. МҮОНТ-ийн алтан сан хөмрөгийг бүрдүүлэхэд манай хамт олны үүрэг асар их. Үүнд би ч гар бие оролцсон гэж бодох сайхан байдаг.
-Таныг баримтат киноны Хишигт гэдэг. Олон улсын наадмын тэргүүн байрыг хамгийн олон удаа хүртсэн найруулагч гэж дуулсан. Тэр талаараа дурсаач?
-Би телевизэд 60-70 баримтат кино хийсэн. Түүнээс олон улсын хэмжээнд үнэлэгдэж, “Радуга” наадмаас гран при авсан гурван кино бий. “Радуга” гэдэг нь таван тивийн 60-70 улс оролцдог, маш нэр хүндтэй, хоёр жил тутам зохиодог том наадам байлаа. Тэндээс 1983 онд “Монгол хөөмий” баримтат киногоор анхны гран при авсан. 1987 онд ботго авахуулах зан үйлээр “Ингэн эгшиг” хэмээх кино бүтээж, мөн гран при хүртсэн.
Эдгээр киног бүтээхэд Ж.Бадраа гуайн хувь нэмэр их, бидний хүчин чармайлт ч багагүй байсан. 1989 онд Ж.Бадраа гуай уртын дууны тухай баримтат киноны зохиол бичээд, надад өгтөл манай нэг найруулагч “Би үүгээр чинь хийе” гэв. Ямар булаацалдаад байлтай биш, өгчихлөө. Ж.Бадраа гуайг “Чамаар хийлгэх гэж байхад яагаад өөр хүнд өгчихөв” хэмээн гомдоллохоор нь “Сайн найруулагч байгаа юм. Гайгүй юм хийчихнэ. Та санаа зоволтгүй” гээд тайвшруулчихлаа.
Гэтэл нөгөө кино нь “Радуга”-гаас шагнал авсангүй. Муу хийсэндээ биш, эгзэг нь тэгж таарахгүй юу. Ж.Бадраа гуай “Уртын дуу гэдэг бол Монголын ард түмний ганц сонгодог өв соёл, гайхамшиг. Үүгээр юм авч чадаагүй нь чамаас боллоо” гээд янзгүй байна. “Дараагийнхад хоёулаа сайхан кино хийж явуулъя” гэж аргадаад хулсан хуурын тухай баримтат кино хийхээр тохиров.
1991 онд Ж.Бадраа гуай “Радуга” наадмын олон улсын шүүгчээр оролцсон юм. Тэр жил би эмийн ургамлын тухай “Суварга хайрхны хишиг” баримтат кино хийхээр Архангайд зуслаа. Ж.Бадраа гуай араас зохиол явуулна гэсэн, байдаггүй. Завдал нь болоогүй юм уу, өмнөх зохиолыг нь өөр хүнд өгсөнд гомдсон нь тайлагдаагүй юу, бүү мэд.
“Радуга”-д явуулах бүтээлгүй болж, энэ жил ер нь оролцож чадахгүй нь гэдэгтээ тулав. Архангайнхан их дэмбээднэ. Адуутай айл бүр айрагтай, айрагтай айл бүр дэмбээтэй. Би наадамд явуулна гэсэн санаагүй, зүгээр л дэмбээдэх өв соёлын талаар юм хиймээр санагдаж, жаал материал цуглуулаад ирсэн юм. Түүнийгээ тордож, янзлаад Ж.Бадраа гуайд үзүүлтэл “Өө энэ чинь болсон байна” гээд аваад явав.
Гэтэл тэр маань гран при хүртчихдэг байгаа. “Радуга” наадам есөн удаа зохиогдсон. Үүнээс манай “Телекино” үйлдвэр дөрвөн гран при авсан нь том амжилт байлаа. Үүний гурав нь минийх. Энэ бол телевизийн хамт олны хүч, хөдөлмөр, авьяас билгийн үр шим. “Монголкино” үйлдвэр ч баримтат кино хийдэг л байсан. Манайх шиг олон улсын кино наадмаас дөрвөн гран при авч чадаагүй. Баримтат киногоор манайх хол илүү байсан.
-“Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” киноны зохиолыг та Ш.Сүрэнжав гуайтай хамтарч бичсэн юм билээ шүү дээ. Санааг нь хэн нь гаргасан юм бэ?
-ЗХУ-д телевизийн курсэд сурч байхад чөлөөт цагаараа кино их үздэг байлаа. Тэгж яваад хэд хэдэн орны бөхийн тухай кино үзэж, түүнээсээ улбаалан үндэсний бөхийн тухай кино хийж болмоор санагдаад, төлөвлөгөө гаргачихаад ирсэн. Ирээд Ж.Бунтарт санаагаа хэлтэл “Ёстой сайхан кино болох нь. Бичээдэх. Би найруулна” гэлээ.
Бичих гэтэл үндэсний үзэл шингээсэн нам, засгийн эсрэг юм хийлээ гэх болов уу гэсэн айдас төрөөд болдоггүй. Бичиж эхэлснээ уншихаар яалт ч үгүй үндэсний үзэл ханхалсан гэж шүүмжлүүлмээр санагдаад урагш ахидаггүй. “Монголкино” үйлдвэрт байхдаа ахиухан гөвшүүлсний “гавьяа” байхгүй юу. Ингэсээр байгаад арваад жил өнгөрлөө. Ж.Бунтар тэр хооронд “Гэрлэж амжаагүй явна”, “Галын урсгал” гэх мэтийн дөрвөн ч кино найруулчихсан, тааралдах бүртээ л зохиол нэхнэ.
1976 оны хавар Ш.Сүрэнжав бид хоёр ажлаа тараад гэр рүүгээ хамт алхлаа. Телевизээс 120 мянгат хүртэл алхаж байгаа юм чинь дэвэн дэлхийн л юм яриа биз. Нэг мэдсэн чинь сэтгэлд яваа нөгөө кино зохиолынхоо тухай ярьчихаж. Ш.Сүрэнжав “Наадах чинь болчихсон юм байна шүү дээ. Үндэсний үзэл ханхлаад байх юм байхгүй. Яг ярьж байгаагаа л буулга” гэж байна.
“Бичих гэхээр нэг л болохгүй байна” гэтэл “Тэгвэл хүнтэй хамтар” гэнэ. “Хэнтэй хамтрах вэ. Надтай хамтарч кино зохиол бичиж байдаг зохиолч гэж байх уу” гэвэл “Хэн ч зөвшөөрнө. Би ч хамтарч болно шүү дээ” гэлээ. Ингээд бид хамтарч бичсэн. Зохиол маань кино болтлоо бас амаргүй зам туулсан. Гаргахгүй гэж янз бүрээр оролдсон. Гарсан хойно нь ч элдвээр хэлсэн. Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид гуай Соёлын яамыг хариуцдаг байлаа. Түүнд “Гол баатар нь Далай гэдэг хятад үг оролцсон нэртэй, Хятадын талыг баримталсан кино.
Төгсгөлд нь цустай муна бариад үзэгчид рүү давхиж буйгаас Монголын ард түмнийг ална гэсэн өгүүлэмж харагдаж байна” гэсэн матаас хүртэл очсон байсан. Ийм матаас авсан болохоор Д.Цэвэгмид сайд өөрөө ирж киног минь үзэж билээ. Тэгээд “Хятадын талыг баримталсан юм хаана байгаа юм. Хүний бүтээлийг ингэж өөлж байхдаа яадаг юм бэ” гэж хамгаалаад, кино маань бүрэн бүтэн үлдсэн.
“Гарьд магнай”-г гарсны дараа Соёлын яамны Утга зохиолын хэлтсийн дарга Ч.Чимид “Бөхийн тухай кино чинь аятайхан болсон байна. Одоо хурдан морь, сур харвааны тухай кино хийгээч” гэснээр зориг орж, “Тод магнай”, “Цэц магнай” хоёрын зохиолыг мөн Ш.Сүрэнжавтайгаа хамтарч бичсэн.
-Энэ гурван киноны тухай ярихад Ш.Сүрэнжав гуайн нэр л илүү дурдагдаад байх шиг дуулддаг.
-Ш.Сүрэнжавын оролцоо асар их. Түүнтэй хамтраагүй бол би өнөө хүртэл яриад л явж байхыг ч үгүйсгэхгүй. Дээрх гурван киноны зохиолыг бичихэд бид 50х50 хувийн оролцоотой байсан. Ямар баатрууд байх, үйл явдал хэрхэн өрнөх, хэн, юу ярихыг би ерөнхийд нь бичээд Ш.Сүрэнжавт өгдөг, түүнийг илүү гоё сайхан найруулгатай болгох нарийн чимхлүүр засварыг тэр хийдэг байлаа.
-“Цэргийн хүү” киноны Навааны дүрээр та залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн. Тэгэхдээ Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн гуайн оронд тоглосон юм билээ шүү дээ?
-Л.Нямсүрэн алдар нэрд хүрээгүй залуу жүжигчин байлаа. “Цэргийн хүү”-г манай нутгийн, Урлагийн сургуулийн нэг ангийн нөхөр Ц.Цэрэндорж (Сэлэм Тогмид) минь найруулсан юм. Тэр нэг өдөр “Гол дүрд сонгосон залуу жүжигчин биеэ бариад нэг л болж өгөхгүй байна, чи оронд нь ороодох” гэдэг юм байна. “Би чадахгүй” гэтэл Л.Ванган багш хажуунаас “Өөр хүн хайж явах цаг алга. Та нар нэгэндээ тусал” гээд оруулчихсан. Намайг амарчилж, зөөлчилсөн хэрэг. Ингэж л кинонд дүрээ мөнхөлсөн юм даа.
Бидний ярилцлага ингээд өндөрлөв. Ахмад найруулагч чөлөөнд гарснаасаа хойш Радио, телевизийн дээд сургуульд багшилжээ. Нас дээр гарсан өвгөн найруулагч үндсэн багш шиг ачаалалтай ажиллахгүй ч долоо хоногт хоёр удаа сургууль дээрээ ирж, багш, оюутнууддаа цагаа бүртгүүлэн, амьдралаас хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
Эх сурвалж: Х.УЯНГА