Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу Б.Чимэг | GoGo.mn 18 минутын өмнө /2019-03-21 10:28 GMT+8/ Азийн хөгжлийн банк (АХБ) ба Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) хамтран, “Тэнүүн гэрэл констракшн” (ТГК) компанитай өчигдөр зээлийн гэрээ байгууллаа.
Тус гэрээгээр ТГК компани төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж, ажиллуулна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станцын барилга угсралт дууссан. Энэ станц манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм.
ТГК компанитай байгуулж буй Сермсанг–Хөшигийн хөндийн нарны станцын төсөл манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АХБ, LEAP сангийн хамтран олгож буй анхны санхүүжилт. Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сангаас энэ төслийн анхан шатны санхүүжилтийг дэмжих техникийн туслалцааны буцалтгүй тусламж олгосон юм.
Энэ станц манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлнэ. Ингэснээр АХБ хувийн хэвшилд нарны эрчим хүчний станцуудыг санхүүжүүлэх боломжтой болов. “Уг төсөл нь Монгол Улсын хуурай, хүйтэн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж буйгаараа ихээхэн онцлогтой” хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу хэлээд, “Япон, Тайланд улсуудын нарны цахилгаан станц байгуулах, ажиллуулах дэвшилтэт технологи, үйл ажиллагааны туршлагыг дотоодод нутагшуулж байгаа нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно.” хэмээн тэмдэглэв.
Нарны эрчим хүчний энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулна. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх Засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна.
Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжсэнээр цахилгааны импортыг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Одоо эрчим хүчний салбарт нүүрс ашигладаг цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд тэдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзэлдэг.
TГК компанийн хувьцаа эзэмшигчид нь Тайланд Улсын Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед, Япон Улсын Шарп Энержи Солюшнс Корпорейшн болон Монгол Улсын АМОЕ Солар ХХК ба Эс Эйч Энержи Солюшн ХХК нар юм. Ази, Номхон далайн бүс нутагт АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд дутагдаж буй санхүүжилтийг нөхөх, тэдгээр төслүүдэд олгох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан LEAP санг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА санхүүжүүлдэг.
Үйл ажиллагааг нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар удирддаг юм. Канадын Засгийн газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сан нь Ази тивд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хувийн хэвшилийн төслүүдэд хөнгөлөлттэй хосолмол санхүүжилт болон техникийн туслалцааны буцалтгүй тусламж олгодог. Тус сангийн үйл ажиллагааг Цэвэр эрчим хүчний санхүүжилтийн түншлэлийн хэрэгслийн хүрээнд АХБ удирдан явуулдаг байна.
Эх сурвалж: ADB