Монголын Үндэсний Цирк жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчран үзэгчдийн хүртээл болгодог. Энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх бөгөөд тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн иржээ.
Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох юм байна. Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй эцэг эхчүүд, томчуудыг гайхуулах утсан дээр явагчид, 10 метрийн өндөрт туялзан найгах үзүүлбэрүүд дуу алдуулах гэнэ.
Гадны уран бүтээлчдээс гадна Монголын циркийн сор болсон үзүүлбэрүүд ч энд тоглогдох бөгөөд шидэх банзнаас үсрэгчид, хүч тамирын гайхамшиг, уран нугаралт зэрэг монголын брэндүүд эдгээр өдрүүдэд үзэгчдийг алмайруулахаар хэдийнэ бэлтгэлээ базаажээ.
Тоглолтын тасалбар сар гаруйн өмнөөс зарагдаж эхэлсэн болоод ч тэр үү суудлын тоо цөөхөн үлдсэн бололтой. Дугуй циркийн манежнаа амилах гайхамшгууд амралтын өдрүүдээр тоглох хуваарьтай байгаа бөгөөд тасалбар нь эрэлт ихтэй байгаагаас эхний өдрүүдийн тасалбар дуусчээ. Тиймээс та бүхэн бусдаас хоцрохгүйн тулд тасалбараа яаран авахыг зөвлөж байна.