Хүн амьдралдаа олон зүйлээс сэтгэлийн таашаал, эрч хүч авдаг. Аялал, дуу хөгжим, уран зохиол гээд л. Тэр дундаа тансаг үнэрт, үзэсгэлэнт цэцэг эмэгтэй хүний нэгэн илэрхийлэл юм. Цэцэг авсан ямар ч хүн баярлахгүй, сэтгэлийн таашаал авахгүй байхын аргагүй биз ээ. Тиймээс энэ удаа эмээ, ээж, ач охины хамтаар 20 жил тасралтгүй үүд нь нээлттэй байгаа “FLORA” хэмээх цэцгийн дэлгүүрээс сурвалжлагаа бэлтгэлээ.
Дэлгүүрийн үүдээр ороход хоорондоо төстэй гурван эмэгтэй инээмсэглэн угтана. Энэ нь эмээ, ээж, ач охин гурав байлаа. Ач охин нь цэцэг баглан, ээж нь саяхан шинээр ирсэн цэцгүүдийг ялган ангилж, харин эмээ нь кассан дээр сууна. “FLORA” дэлгүүр 20 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ач охин Б.Сарнайтай чацуу хэмээн эмээ Б.Сартаг нь инээмсэглэв. Анх 1999 онд цэцгийн дэлгүүр ховор байхад одоогийн энэ дэлгүүрийнхээ гадаа майхан бариад цэцэг зарж байснаа мөн дурсаж байлаа.
Тэнд ороод 30 орчим минут болоход хүний хөл тасраагүй юм. Дурлалт бүсгүйдээ, ээждээ, төрсөн өдрийн эзэнд гээд хүмүүс учир байдлаа хэлэхэд дэлгүүрийн эзэд уриалгахнаар “Ийм, тийм цэцэг тохиромжтой, тийм утга учиртай” гээд л тайлбарлан цэцгийн баглааг санал болгоно. Цэцэгчин охин Б.Сарнай “Хүмүүс ихэнхдээ цэцгийн утга учир, өнгө, боодлыг тэр бүр мэддэггүй.
Тайлбарлаад өгчихвөл дараа орж ирэхдээ мэддэг болчихсон байдаг юм. Цэцэгтэй яаж харьцана, цэцэг тантай тийн харьцана” гэсэн эртний үг ч бий. Сарнай цэцгийг хаан цэцэг гэдэг юм. Хүн бүр мэдэх ч өнгөний талаар бас нэг их мэддэггүй. Цэцэг бүр өөрийн утга учиртай байдаг” хэмээн ярьж байна. Сүүлийн үед лили, ромашка цэцэг эрэлттэй байгаа Энэ үеэр “Flora” цэцгийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, санаачлагч Б.Мандахтай ярилцлаа.
-Танай дэлгүүрт хэчнээн төрлийн цэцэг худалдаалагдаж байна вэ?
-Яг өнөөдөр /өчигдөр/ 100 гаруй төрлийн 600 цэцэг байна. Цэцгүүдээ дотооддоо тарихаас гадна гаднаас оруулж ирж байна. Мэдээж хүмүүстээ зөвлөгөө өгөөд явдаг. Ерөнхийдөө цэцгүүдээ Бээжингээс авчирдаг. Долоо хоноод л цэцэг ирнэ.
– Хамгийн их борлуулалттай цэцэг гэвэл та ямар цэцгийг нэрлэх вэ?
– Цэцэг бүр өөрийн онцлогтой байдаг. Гэхдээ бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай нь гэвэл сарнай цэцэг. Харин сүүлийн үед лили, ромашка цэцэг эрэлттэй байгаа.
– Сүүлийн үед хүмүүс тасалгааны цэцгээр гэр орон, албан тасалгаагаа чимэглэх сонирхолтой болжээ. Энэ талаар таны бодол?
-Зөв л дөө. Социолист нийгмийн үед чинь цэцэг ургуулах ажлыг зөвхөн гадаад мэргэжилтнүүд л хийдэг байлаа. Ер нь бол 1945 оноос Оросын мэргэжилтнүүд ирж гэртээ зуун наст, шимт, хайтан гэсэн цөөхөн төрлийн цэцэг тарьдаг байлаа. Түүнээс манайхан санаа авч цэцэг тарьж эхэлсэн. 2005 оноос эхлээд хүн бүр цэцэг тарьж ургуулах хүсэл сонирхолтой болжээ.
Гэхдээ тэр үед цэцгийн бизнес гэхээр ашиг олж чадах уу гээд их асуудаг байсан. Хэрэв хүн өөрөө энэ бизнестээ сонирхолтой, мэдлэгтэй байж чадвал бусад бизнесийн адил ашиг өгдөг. Ер нь цэцгийн бизнес гэдэг их мэдлэг шаарддаг онцлогтой. Наад зах нь худалдах цэцгээ сонгох, дараагаар нь цэцгүүдээ арчлах, үрслүүлэх гээд нарийн мэдлэг шаарддаг. Түүнчлэн худалдан авагчиддаа байнгын зөвлөгөө мэдээлэл, зааварчилгаа өгч байх хэрэгтэй. Дэлбээлдэг цэцэг шигээ гурван үеийн цэцэгчин бүсгүйчүүд болон дэлбээлжээ Эднийх гэдэг гурван үеэрээ цэцэгчин.
Хүү бэр хоёр нь анх цэцэг зарах санаачлагыг гаргаснаар эднийх өдгөө Улаанбаатарт долоон салбартай болжээ. Түүнчлэн Эрдэнэт, Дарханд салбараа нээсэн байна. Том ач охин Б.Саруул нь бүх салбарынхаа үйл ажиллагааг хариуцан ажилладаг бол, бага охин Б.Сарнай нь цахим худалдаагаа хариуцдаг юм байна. Харин хүү бэр хоёр нь ерөнхийд нь удирддаг гэж хэлж болохоор. Одоогоор эднийх 30 орчим ажилтантай. Ихэнхдээ оюутнуудыг авч аль болох олон ээлжээр ажиллуулж цалинжуулдаг гэж байлаа.
Б.Намуунтамир Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин