Хууль хяналтын байгууллагууд сүүлийн үед хэд хэдэн удаагийн баривчилгаа, шалгалт, нэгжлэг хийсэн тухай мэдээллүүд гарлаа. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг газар нь прокурор.
Тэгэхээр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа зарим хэргүүдэд холбогдох хүмүүсийн талаарх мэдээлэл үнэн, худал эсэхийг тодруулж, таамаг төдий мэдээллийг бататгах зорилгоор Нийслэлийн прокурорыг зорих сэтгүүлчид ихэвчлэн тайлбар өгөх хүн байхгүй, ярилцлага өгөх боломжгүй гэх шалтгаануудаар буцдаг.
Тэгвэл сэтгүүлчид ганц нэгээрээ бус, олуулаа цуглан нэг мөр мэдээлэл авахаар хандсан ч тусыг эс олов. Тиймээс хуулийн дагуу, ярилцлага авах албан ёсны хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт өглөө. Хүсэлт дээр прокурорын газарт хүрэлцэн ирсэн нийт хэвлэл мэдээллийн 17 байгууллагын 30 гаруй сэтгүүлч, зураглаачид гарын үсгээ зурсан юм.
Сэтгүүлчид хэд хэдэн сэдвээр тайлбар, мэдээ авахыг хүсч байгаа. Тухайлбал, өнөөдөр өглөөнөөс эхлэн цацагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургийн галерейд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийж, Их тэнгэрийн амаас алдагдсан уран зургуудыг олсон байх магадлалтай гэх таамаг бүхий мэдээлэл байна. Энэ мэдээний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбар хийн жиргэсэн. Тэрээр нэгжлэг хийгээгүй, өөрөө ч зураг хулгайлдаггүй гэжээ. Улмаар хадам дүү нь болох Х.Болдбаатарын албан өрөөнд нэгжлэг хийж, дээрх зургуудыг олсон тухай ч бичиж байна. Харин бид түүний талаар арай өөр мэдээлэл өгсөн. Х.Болдбаатарыг тендэрийн дээрэмчин гэж жиргэсэн Г.Баярсайханы жиргээг харуулсан байгаа. Ямартай ч нэгжлэг хийсэн бололтой.
Үүнээс гадна Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал байна. Холбогдох хүнийг яллагдагчаар татах хүсэлтийг өгөөд нэлээд удаж байгаа. Үүнд албан ёсны тайлбар өгсөн эсэх нь тодорхойгүй хаагдмал. Одоогоор асуудал ямар шатандаа яваа нь бүрхэг.
С.Зориг агсны хэрэг дээр ажилласан ажлын хэсгийнхнийг ч шалгаж эхэлсэн гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор дөрвөн хүнийг саатуулсан гэх мэдээлэл бий. Зарим хэвлэлүүд хоёр хүн гэж бичиж байна. ШШГЕГ-ын хоёр хүнийг сүүлд саатуулсан гэсэн. Хэчнээн хүнийг, ямар ямар үндэслэлээр, хэний гомдлын дагуу шалгаж байгаа эсэх болон бусад тодруулах асуулт олон бий.
АТГ, ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төв зэрэг байгууллагуудад хандсан боловч олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар зөвхөн прокурорын байгууллага хариулт өгнө гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Янз бүрээр бичигдэж байгаа онцлох үйл явдлуудыг нэг тийш нь болгохоор сэтгүүлчид ажиллаж байгаа ч гол эх сурвалж нь мэдээлэл өгөхөөс бултаж байгаа нь өөрөө анхаарал татаж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлэл үнэнд хэр нийцтэй эсэх нь олон нийтэд эргэлзээ төрүүлэх боллоо. Бид “бололтой, магадлалтай” гэсэн мэдээллээс илүү баттай эх сурвалжийн мэдээг хүргэхийг чухалчилдаг. Хамгийн гол анхаарлын төвд байгаа дээрх асуудлуудыг ард түмэн мэдэх эрхтэй. Ард түмний мэдэх эрхийг хангахын тулд сэтгүүлчид мэдэх эрхтэй. Эдгээр эрхийг хүндэтгэн хуулийн хүрээнд хангах ёстой.
Гэтэл прокурорын байгууллага хэвлэлийнхэнд хаалттай байна. Хаалттай хаалганы цаана үйл явдал хэрхэн өрнөж байгаа нь тодорхойгүй, тэр хэрээр хардлага төрүүлэх нь лавтай.
Сэтгүүлчид Нийслэлийн прокурорын газарт цуглах үеэр АТГ-ын Онц зөвлөлийн тэргүүн Ц.Нарангэрэл бидэнтэй сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрээр “Хууль хяналтынханд хяналт тавьдаг байгууллага байхгүй болчихсон байна. Үүнийг албан ёсоор хэлмээр байна. Би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Батболдтой уулзлаа. Би эрх зүйч, философич хүн. Хүмүүсийн зөрчлийн хэргийг та нар яаж хянадаг вэ гэсэн чинь “Бид нар зүгээр бүртгэж хянадаг” гэж байна. Бид нарт авсан шийтгэвэрийн арга хэмжээг бүртгэчихэж байгаа юм. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон хэргийн тухай прокурор нь огт хараагүй, эзэн холбогдогчоо ч мэдэхгүй байна. Бидэнд Сүхбаатар дүүргийн шүүхээс шийтгэвэр ногдуулсан юм. Бид авлигачдын эсрэг тэмцэл явуулж байгаа жирийн иргэд. Гэтэл ингээд энд ирэхээр прокурорын хаалга хаалттай, АТГ руу очихоор хаалга нь хаалттай. ЦЕГ ч ялгаагүй. Бүх газар иргэдэд хаалттай. Гомдлыг хэнд нь гаргадаг вэ гэхээр дээд шатных нь прокурорт. Цагдаагийн ажилтны гомдлыг дээшээ, цагдаагийнх нь дээд албан тушаалтанд гаргаж байгаа. Тэд нар нь өөрсдөө даалгавар өгчихдөг хүмүүс. Эд нарын зөвхөн толгойг нь өөрчлөөд юм өөрчлөгдөхгүй ээ” гэлээ.
Мөрдөн шалгагдаж байгаа хэргүүдэд мэдээж хэвлэл мэдээллийнхний зүгээс нөлөөлөх гэсэнгүй. Гагцхүү олны анхаарлын төвд байгаа онцлох үйл явдлуудын талаар нийгэмд бодитой мэдээллийг баттай эх сурвалжаас нь хүргэхийг зорьж буй юм. Харин сэтгүүлчдийн энэ хүсэлтийн хариуг 7-10 хоног хүлээнэ. Энэ хугацаанд өөр хэчнээн ч үйл явдал, нэгжлэг, баривчилгаа, шалгалтын ажлууд үргэлжлэн өрнөж мэднэ. Харин баттай нэг эх сурвалж хаалттай хаалганы цаана нуугдсаар, мэдэх эрх хэрэгжихгүй нь бололтой.
Тэд яагаад хууль хяналтынхны явуулж буй үйл ажиллагааны талаар тайлбар өгөхийг хүсэхгүй байна вэ? Тэд олон нийтээс юу нууна вэ? Тэдний амыг хэн үдэв? Дуугарах эрхгүй болтлоо шантаажид орсон уу?Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг зөрчихийг хэн даалгав? гэх мэт олон асуулт бидэнд байна. Гэвч энэ бүхний хариу 7-10 хоногийн дараа л гарна. Нэг бол мэдээлэл өгнө, эсвэл мөрдөн байцаалтын шатанд яваа хэргүүдийн талаар мэдээлэх өгөх боломжгүй гэсэн тайлбар ирнэ. Прокурорууд энэ удаад 10 хоногийг ийнхүү аргалж, ардаа хийхээр боллоо.