НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-аас 1999 онд тунхагласнаар Дэлхийн яруу найргийн өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэдэг болсон. Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-ийн зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийн эхний ёслол Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн 90 насны ойд зориулсан уулзалт хэлэлцүүлгийг Монголын Үндэсний номын санд болно. Мөн 14 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд энэ жил 90 насных нь ойг тэмдэглэх Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтав, Бэгзийн Явуухулан нарт зориулсан уран бичлэг, зохиолын үзэсгэлэн гаргаж, МЗЭ-ээс яруу найрагчдын нээлттэй уншлага хийнэ. Мөн МЧЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Очирбатын 80 насны ойд зориулсан “Хөх дэвтэрт яруу найрагчийн урлан” эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, “Шүлгэн цомог” бүтээлийн нээлтийн ёслол Хүүхдийн номын санд болох юм.
Улаанбаатар хотын төв номын сан буюу Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд 15 цагт Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн уншигчидтайгаа уулзалт хийнэ. Орой 18 цагт Улаанбаатар хотын “Cosy Club”-т залуу яруу найрагчдын олон улсын яруу найргийн хөдөлгөөнүүдэд шинэ өнгө аяс нэмэх зорилготой “Дэлхийн яруу найргийн өдрийн үдэшлэг”-ийг тус тус зохиох гэж байна.
Залуусын энэ хөтөлбөрт яруу найргийн уншлага, органик цайны амталгаа, амьд хөгжим, яруу найргийн тухай харилцан яриа, workshop зэрэг олон сонирхолтой ёслол багтсан байна.