Нийслэлийн Прокурорын газарт сэтгүүлчид сонирхсон асуултанд хариу авах хүсэлт гаргалаа. Тодруулбал сүүлийн үед гарч байгаа хэргүүд, баривчилгаа, нэгжлэгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл авах гэсэн боловч эрх бүхий хүмүүс нь мэдээлэл өгөхгүй гэж удаа дараа тайлбар өгч буцаасан юм.
Өнөөдөр (2019.03.20) мөн сэтгүүлчид цуглаж хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах гэсэн боловч төлөөлөгч, орлогч прокурор, ерөнхий прокурор байхгүй гэж үүдний харуул хамгаалалтын хүмүүс хэллээ.
Тиймээс хэвлэл мэдээллийн 17 байгууллагаас Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэнд хандаж ярилцлага авах хүсэлтээ албан бичгээр өглөө. Албан бичгийн хариу ажлын 7-10 хоногт гарах юм байна.
Албан бичигт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан хоёр хүнийг цагдан хорьсон болон “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой маргаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийсэн эсэх талаарх олны анхаарлын төвд буй хэргүүдэд үнэн бодит мэдээлэл авах тухай дурдсан юм.