Сангийн сайд асан С.Баярцогт оффшорын асуудлаар дөнгөж сая сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр мэдээллийн эхэнд “Хоёр зүйлийг би онцгой тайлбарлах ёстой гэж үзсэн учраас өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа.
Нөгөө талаар, Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна гэж Монгол Улсын төр, Засгийн байгууллагуудад олон жил ажилласан хүний хувьд би тэгэж харж байна.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ мэдээллийг ирүүлэх, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдгийг тайлбарыг өгсөн учраас би энэ хоёр зүйлийг бодитой баримттай няцаах үүднээс өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна.
2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн юм билээ.
Тухайн үед н.Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчдийн болон Швейцарын тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарын хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарын талд хандсан юм билээ.
Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-гаас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарын талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч гэдэг асуудлыг тавьсан юм билээ. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ хэмээн ярилаа.
Мөн тэрбээр “700 гаруй хуудас материалыг АТГ-д сайн дураараа гаргаж өгсөн. Эдгээр баримтыг Монголын талд хүлээлгэн өгөх талаар би 2018 оны 12 сард гарын үсэг зураад шийдсэн байсан. Энэ нь л айлчлалын багийн ирсэн онгоцоор ирсэн юм шиг байгаа юм. Швейцарын тал ямар ч материалыг зүгээр нэг улс төрч, хичнээн шударга тэмцэгч байсан ч шууд өгөхгүй. Бүх байгууллагууд нь ажиллаж байж, шүүхээр орж байж л өгнө. Эдгээр материал Монгол Улсад ирэх хүртлээ жил гаруйн хугацаа өнгөрсөн.
АТГ миний өгсөн баримтад итгэхгүй байгаа байх, тиймээс ч Швейцарын талаас ирэх бичиг баримтыг азаар Т.Аюурсайхан курер хийгээд аваад иржээ. Өмнө нь Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нар миний данстай холбоотой гаргасан мэдээлэл худлаа гэдгийг Швейцарын талаас ирсэн мэдээлэл баталж байгаа. Тиймээс удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.
Нийт таван данс байгаа талаар Т.Аюурсайхан үнэхээр энэ асуудлыг мэдэж байгаа бол хууль зөрчсөн хэрэг гэсэн үг. Байгууллагын, хувь хүний нууц гэж бий. Хэрэгтэй холбоотой нарийн мэдээллийг ярихгүй. УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хий, гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй ” гэсэн юм.
Тэрбээр эдгээр материалыг АТГ-д хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохын тулд өөрийн Gmail хаягаар АТГ-ын ажилтан руу 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр явуулсан мэйлээ үзүүлэв.