Техник, технологийн хөгжил дэвшил, шинэчлэлийг дагаад хүн төрөлхтөн бид сонсголоо хамгаалах шаардлагатай эрин үед амьдарч байна. Хотжилт, хөгжил дэвшил гэдэг нь тэр чигтээ чимээ шуугианаар хүрээлүүлсэн байдаг. Сүүлийн үеийн мэдээллээр дэлхийд 1,5 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй амьдардаг гэсэн баримт бий. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ жил бүрийн гуравдугаар сарын гуравныг “Чихээ хамгаалах өдөр” болгож тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс энэ өдөрт нэгдээд 5 дахь жилдээ болж байна. Ийм учраас уншигч та бүхэндээ чих хамар хоолойн эрүүл мэнд, тэр тусмаа хүүхдийн сонсгол, чих, хамрыг хэрхэн хамгаалах, эрүүл байлгах талаар мэдээлэл зөвлөгөө хүргүүлэхээр энэ удаагийн дугаартаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч овгийн эхний үсэг.Дэлгэрмааг урьж ярилцлаа.
Монгол Улсын хувьд чих, хамар, хоолойн өвчлөл ямар түвшинд байгаа, хүүхдийн чих, хамар, хоолой эрүүл байж чадаж байна уу хэрэв үгүй бол шалтгааныг нь тодруулахгүй юу?
Монгол улсын хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол маш муу. Олон нийтийн сүлжээнд янз бүрийн олон ангит кино, компьютер тоглоом зэрэг нь давамгайлж байгаа энэ цаг үед эрүүл мэнд, эрүүл амьдралын түүчээ болж ард түмэнд, хүүхэд залууст хэрэгтэй мэдээлэл өгч байгаад ихээхэн олзуурхаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн мэдээлэл явдаг ч гэсэн байнгын давтамжтайгаар эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлдэж, ярилцлага хийж байгаад баярлаж байна. Би Анагаах Ухааны Их сургуулийг 1993 онд төгссөнөөс хойш 26 дахь жилдээ ЭХЭМҮТ-д хүүхдийн чих, хамар, хоолойн эмчээр ажиллаж байна. Чих, хамар хоолойн өвчлөл гэдэг нь цогц ойлголт.
Чих гэхэд хамар, ам залгиурын өвчлөл хамаардаг. ДЭМБ-аас чихээ хамгаалах өдөртэй болъё гэсэн нь учиртай. Жил бүр өөр уриан дор янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд 2019 оныг “Сонсголоо шалгуулцгаая” уриатай тэмдэглэлээ. Сонголоо хэдийчинээ эрт оношлуулах тусам эмчилгээний үр дүн, ач холбдогдол маш өндөр байдаг. Хүүхэд дүлий, сонсголгүй байх нь тухайн гэр бүл, улс нийгэмд ч хамаатай өргөн хүрээний асуудал. Тухайлбал, сонсголын брэхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрх хаагдах, ажил хөдөлмөрийн чадамж буурах, нийгмийн халамж авах гэхчлэн улс орны эдийн засагт ч нөлөөтэй. Эцэг эхчүүд хүүхдээ сонсголын бэрхшээлтэй анзаарсан л бол улсын, хувийн гэлтгүй эмнэлэгт хандаж, сонсголыг нь шалгуулах шаардлагатай. Төслийн хүрээнд сонсгол шалгадаг аппарат оруулж ирснээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн зааврын дагуу тус төвөөс гадна Багануур, Налайх дүүрэг, Өргөө, Хүрээ амаржих газарт төрж байгаа бүх нярайн сонсголыг шалгадаг болсон нь асар ач холбогдолтой. Эрт оношлох тусам асар өндөр үр дүнтэй. 2020 оноос Монгол Улс даяар бүх нярайн сонсгол шалгадаг болох юм.
Таны энэ салбарт ажилласан 26 жилийн туршлагаас хүүхдийн сонгсголын бэрхшээл өмнө, одоо ямар байгааг сонсохыг хүссэн юм. Мөн нярайн чих юунаас болж өвдөх вэ?
Нийслэлд төрсөн бүх нярай сонсголоо шалгуулж байгаа. Хэрэв амжаагүй бол заавал сонсголыг нь шалгуулахыг эцэг эхэд зөвлөе. Зах зээлийн нийгэм дөнгөж эхэлж байсан 1990-ээд оны үед чих булагтах гэх мэт халдварын гаралтай чихний өвчлөл их байлаа. Харин одоо нийгмийн хөгжил, үйлдвэржилт, шинэ техник тенологи нэвтэрч байгаатай холбоотой соннсголын өөрчлөлт эрс нэмэгдсэн. Хүүхэд залуус маш удаан хугацаагаар чихэвч сонсож байгаа нь эмч нарын хувьд аюулын харанга болчихоод байгаа.
Чихэвчийг тодорхой хугацаанд зүүх ёстой ч өдөр шөнөгүй хөгжим сонсож, кино үзэж байх жишээтэй. Дэлхийн чих хамар хоолойн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан БНСУ-ын иргэн Ким Чон Сун нэгэнтээ “Метронд чихэвч сонсоод явж байгаа өсвөр насныхныг хараад бидний ирээдүйн өвчтөнүүд” хэмээсэн нь одоо бодоход маш үнэн байж. Бидний сонсож буй дуу чимээг дицпель гэдэг хэмжигдэхүүнээр хэмждэг. Хүн 30 дцп хэмжээ сонсох ёстой байхад бааранд тавьж буй хөгжимнийх 70-80дцп, онгоцных 90дцп, автобусны сигнал 60-70 дцп байх жишээтэй. Чихэвчийг 30-40 дцп хэжээнд нэг цаг сонсох ёстой атал хүүхэд залуус 60-70дцп-ээр өдөржин маш урт хугацаагаар сонсдог нь сонсголын бэрхшээлтэй болох үндсийг тавьж байна.
Бидний чих гурван хэсгээс тогтдог. Чихний дэлбээ нь дуу авиаг цуглуулах, дунд чих дуу авиаг дотор чихрүү дамжуулдаг. Дотор чихэнд мэдрэлийн эсүүд бий. Чихэвчийг удаан хугацаанд зүүснээр мэдрэлийн эсүүдийг хэзээ ч сэргэхгүй болгож, олон жилийн дараа сонсголгүй болно гэсэн үг. Мэдрэлийн эс эргэж сэргэдэггүй учир эцэг эхчүүд үр хүүхэддээ дуу чимээг чанга сонсгохгүй, чихэвчийг хязгаартай хэрэглэх, өөрийгөө хайрлах ухаанд сургаж, эрүүл мэндийн зөв хэвшилтэй болоход туслах хэрэгтэй. Дэлхийн улсуудын чиг хандлага өвчилсний дараа биш урьдчилан сэргийлэхэд анхаарах болсон.
Өсвөр насныхан компьютер тоглоом, дуу хөгжим илүүтэй сонирхож сонсдог үе шүү дээ. Чихээ хайрлаагүй бол хэзээ сонсголын бэрхшээл нь илрэх вэ?
Хэнгэрэгэн хальс нь өндөр дуу чимээний даралт хэлбэлзлийг зохицуулдаг. Байнга удаан хугацаанд өндөр дуу чимээ сонсох нь мэдрэлийн эсийг ядралд оруулж, сүйрүүлдгээрээ илүү аюултай. Хүний сонсгол аажмаар мууддаг. Харин 10 настай хүүхэд үргэлж чанга дуу чимээг жил тасралтгүй сонсвол 7-8 жилийн дараа сонсгол нь баттай муудсан байх болно. Иймд ирээдүйд сонсголын бэрхшээлтэй иргэн бэлдэхгүй, гэр бүлээ авч явах сайхан охид залуусын сонгсголыг хайрлах үүднээс зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Сонсголын талаар дийлэнх хүний ойлголт нас ахих тусам чих хатуурдаг гэдэг? Хүүхдийн сонсгол гэмтэх эрсдэл аль насанд илүү вэ?
Манайд дунд чихний идээт, цочмог, архаг үрэвсэл буурахгүй байгаа нь амьсгалын дээд замны үрэвсэл, амны хөндийн ариун цэвэр, шүд цооролтой холбоотой. ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасаг жилд 1500-1600 хагалгаа хийхэд 300-400 нь чихний жижиг мэс ажилбар байдаг. Энэ тоо буурахгүй байгаа нь харшилтай холбоотой. Хэнгэрэгийн цаана шингэн хуримтлагсаныг зүсэж агааржуулах гуурс тавьж сонсголтой болгох, хэнгэрэг нөхөх, чихний алх, дөш, дөрөөг орлуулах протезын болон төрөлхийн дүлий төрсөн хүүхдэд сонсгол оруулах дурангийн суулгацын мэс засал хийж байна.
Орчин үеийн анагаах ухаанд шинжлэх ухаан, техникийн дэвшил ашиглаж байгаа ч иргэд эрүүл мэндийн боловсрол муугаас урьдчилан сэргийлэхгүйгээс гадна өвчнөө дур мэдэн буруу эмчлэх үйлдэл их байгаа нь харамсалтай. Чиний үрэвслийн 90 хувь нь ханиад хүрч, хамар битүүрэхээс үүсдэг. Чих өвдсөн тохиолдолд антибиотекийг зохисгүй хэрэглэх, тарваганы болон халаасан шар тос, анальгинтай шээс дусаах зэрэг нь маш буруу үйлдэл. Энэ мэтээс болж хүүхдийн чих гэмтэх, тархины хүндрэл өгч, амь насанд хүрэх ч эрсдэл бий. Чихний өвчлөл хамартай салшгүй холбоотой.
Хамраа чимхээд дүлэхэд чихрүү хий ордог ш дээ. Чих хамрыг холбосон ясан суваг буюу хоолой бий. Хэнгэрэгэн хөндий агаар, сонсголыг зохицуулж өгдөг. Хамар битүүрснээс тэнд агаарын даралт үүсч шингэн хуримтлагддаг. Сонсголын гуурс нь нармайн цаана, нэг нь дунд чихэнд байдаг. Шүлс залгиж, бохь зажлах эсвэл юм хүлхвэл сонсголын гуурс нармайд онгойж чихний даралт, агаарыг зөв зохицуулдаг. Онгоцонд удаан явахдаа байнга шүлсээ залгих, чихэр хүлхэх, бохь зажлах нь агаарыг тэнцвэртэй болгож өгдөг.
Ийм ч учир хөхүүл хүүхдээ онгоцонд авч явахдаа хөхүүлэх нь чухал гэдэг байх нь?
Агаарын чихний үрэвсэл гэж бие даасан өвчлөл, үрэвсэл байдаг. Нислэгийн үед заавал шүлсээ залгиж байх хэрэгтэй юм.
Бид чихээ цэвэрлэж байна гээд хэнгэрээ цоолох гэнэтийн эрсдэл учруулдаг. Хэнгэрэг болон чихнээс гарах хилхины талаар юу зөвлөх вэ?
Гадна чихнээс 2-2,4см доторш хэнгэрэг байдаг. Хэнгэрэг нь цааснаас нимгэн ч тэр бүр хурдан хагардаггүй. Эрүүл байвал гялтганаад, сувдан цагаан харагддаг. Чихний сувагт хуримтлагддаг ялгадас буюу хулхи нь хоёр янз. Чихний булаг ногоон өнгөтэй, шингэн, өмхий үнэртэй. Чихнээс булаг гарах, нойтон хулхийг андуурч ойлгодог. Байгалиас хүн хуурай, нойтон гэсэн хулхитай төрдөг гэсэн үг. Нойтон хулхи нь удамшил шалтгаантай. Хуурай хулхиуд нь зуурамтгай чанартай л гэсэн үг. 10 хүүхэд төрөхөд 8 нь хуурай хулхи, 2 нь нойтон хулхитай байдаг.
Ээжүүд хүүхдийнхээ хулхийг хөвөнгөөр зөөлөн эргүүлээд маш болгоомжтой, хэнгэрэгийг гэмтээхгүйгээр заавал цэвэрлэх ёстой. Чихний хөндийд үсний хүүдий, мэдрэлийн судсууд байдаг учир чих цэвэрлэж байгаад сувгийг нь шархлуулж гэмтээх тохиолдол бий. Бидний хүрээлэн буй гадаад орчин нян, бактер элбэг учир гадна чихний үрэвсэл үүсгэх аюултай. Хавагнаж үрэвсээд, идээ, булаг гоожоод эхэлдэг. Аль болох янз бүрийн төмөр, модоор ухахыг хориглоно. Мэдэхгүйгээс болоод хэнгэрэгийн хальсийг цоолох нь ч бий. Гадна чихний үрэвсэл нь дунд чихрүү дамжих аюултай.
Чихээ хамгаалахын тулд гадны нөлөөнөөс гадна ариун цэврийг хэрхэн сахих вэ?
Ерөөсөө л усанд орсны дараа чих цэвэрлэдэг хөвөнгөөр ханыг нь дагуулаад зөөлхөн цэвэрлэхээс өөр юугаар ч цэвэрлэхгүй. Янз бүрийн юм дусааж, хийхгүй. Сүүлийн үед чихэндээ гадны биет хийсэн хүүхдүүд ирж байгаад эцэг эх, асран хамгаалагч нар нь анхаарч байх хэрэгтэй.
Эмнэлгээс хол хөдөө гадаа явж байхад ялаа, өт, хорхой чихрүү орох тохиолдол байдаг. Тэр үед яах вэ?
Хамар, чихэндээ гадны биет хийсэн хүүхдүүд манай төвд өдөрт 1-2 ирж байна. Үүнийг тусгай зориулалтын багажаар авахгүй бол цааш оруулж, чих, хэнгэрэгээ гэмтээдэг. Гадны биет оруулсан тохиолдолд тусгай дэгээ, багажаар авдаг учир мэргэжлийн эмчид хандахаас өөр аргагүй. Чихэнд ялаа өт орвол эмил, лидкойн гэх мэт тос хэрэглэж, уусмалаар чихийг угааж халдваргүйжүүлээд, амьд амьтныг үхүүлнэ.
Хөдөө явж байтал ийм зүйл тохиолдвол манай төв дээр иртэл нэлээн цаг орох учир юун түрүүнд 10-20гр шфрицээр чихээ угааж, хорхойг амьгүй болгох юм. Спирт дусааж халдваргүйжүүлэн, угааж, тусгай багажаар чих хамар хоолойн эмчээс өөр хэн ч авч чадахгүй.
Уламжлалт эмчилгээгээр чихэндээ халуун бүлээн хуушуур тавьж, хий хуй дардаг гэдэг нь яаж нөлөөлөх вэ?
Чихэнд ямар нэг зүйл дусаах нь маш буруу. Учир нь ариутгаагүй, халдвартай байдаг. Халуун тос хийх нь чихний сувгийг гэмтээж түлэхээс гадна чихний сувгийг өмхийрүүлж, үрэвсүүлнэ. Хуушуур тавих тухайд уламжлалт анагаах ухаанд хий хуй дарах гэж тавьдаг байж магадгүй. Бидэнд халуун жин тавих эмчилгээ нь тухайн эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Чихний ард халуун бүлээн жин тавихад цусны эргэлт сайжирч, чихний зарим үрэвсэл намдах магадлалтай.
Яасан их дуу чимээ вэ мэдрэлийн ядаргаа боллоо гэдэг. Гэр ахуйн дуу чимээний бохирдол ч яригддаг. Хэт чимээ сонсох нь хүний оюуныг ядраадаг тухайд?
Чимээгүй сайхан талд байх, машин, үйлдвэрийн дуу чимээнд байх нь эрс ялгаатай. Соросны сангийн төслийн хүрээнд 2000 оны үед үйлдвэрийн шуугиантай орчинд ажилладаг ажилчдын сонсголыг шалгахад хөдөлмөр хамгааллын дэглэмийг огт барьдаггүй байсан.
Энэ нь ажил мэргэжлийн онцлогоос үүдэн сонсгол буурна гэсэн үг. Бид өөрсдийнхөө төлөө эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Мэдрэлийн эсүүд ядардаг, сөнөрөлд ордог учир ажил амралтын зөв дэглэм барьж, хэрэв чимээ шуугиантай орчинд ажилладаг бол хөдөлмөр хамгааллыг сайн баримталж хэвшмээр байгаа юм. Гэр ахуйн нөхцөлд зурагтаа хэт чанга сонсож байгаа хүн сонсголоо шалгуулах хэрэгтэй.
Чих, хамар салшгүй холбоотойг тайлбарласан. Хамрын хөндийн эрүүл мэндийн талаар?
Орчин үед хамрын асуудал маш анхаарал татаж байна. Эцэг эх нь хоёр харшилтай бол хүүхэд нь харшилтай төрөх магадлал 85, нэг нь харишлтай бол 35 хувь нь магадлалтайг Харшил дархлаа судлалын олон улсын хурал дээр зарласан байдаг. Харшлын 90 хувь нь хамар битүүрч, нулимс гоожин, нүд загатнаж илэрдэг. Бидний анхаарал татаж байгаа нь битүүрсэн хамарт дуртай дусаалгаа хэрэглэж байгаа явдал. Хамрын дусаалгад үнэртний эс гэмтээдэг хоруу чанартай бодис ч бий. Удаан хэрэглэх нь маш сөрөг үр дагавартай. Эргээд эмнээс үүссэн хамрын харшил үүсч, юунд ч онгойхгүй хамар таг битүүрдэг. Хамрын дусалгыг 7-с илүү хоног хэрэглэхгүй.
Хамрын хөндий анатомын олон янзын чухал бүтэцтэй. Салстыг ялгаруулж, гадны нянг устган, агаар чийгшүүлэх зэрэг олон үүрэгтэй. Хүүхдийн хамрын самалдагийн цусан хангамж их байдаг учир даарч хөрснөөс болоод битүүрэх нь элбэг. Энэ тохиолдолд эцэг эхчүүд хамрын дусаалга дураараа хэрэглэх нь буруу. Дусаагуураас үүсэлтэй хамрын битүүрэл гэдэг өвчин элбэгшиж байна. Дусаагуур дотор гармон, антибиотектэй, үрэвсэл судас агшаах гэх мэт өөр өөр зориулалттай.
Эмийн сангаар зарж байгаа далайн эрдэстэй, натри хлортой уусмалаар угааж болно. Ургамлын гаралтай хоргүй эмүүд гарч ирж багааг эмчийн заавраар зорхистой хэрэглэж заншаарай. Хэрэв та, таны хүүхэд хамрын битүүрэлтэй эсвэл хамрын дусаалгаас хамааралтай бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Эмээс үүсэлтэй хамрын үсэрвэл маш аюултайг ойлгож хэрэгтэй.
Хоолойны эрүүл мэнд болон түүнийг хэрхэн эрүүл байлгах талаар зөвлөөч?
Гуурсан хоолойн үрэвсэл нь ам хамар залгиураар дамжиж хүрдэг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина нь маш хор холбогдолтой. Үүнийг үрэвсүүлдэг бактер буюу стрептокок нь хүний биед орж үе мөч, зүрхний хавхлаг, бөөр гэхчлэн эрхтний холбогч эдийг гэмтээдэг. Ингэснээр хоолой нь байнга өвдөж, буруу эмчилбэл үе мөч, зүрх бөөрний өвчтэй болдог. Манайхны эрүүл мэндийн боловсрол туйлын хангалтгүй. Саяхнаас бодлогын түвшинд антибиотекийн хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан нь сайн хэрэг.
Учир нь иргэд хоолой нь өвдвөл эмийн сангаас дурын антибиотекийг авч 3-4 уугаад нөгөө бактерийг бүрэн устгахгүй, зөвхөн тухайн үеийн хэсэгхэн идэвхжилийг намжааж, антибиотект мэдрэг болчихдог. Дур мэдэж буруу эмчилгээ хийдэг, хоолойны махаа авахуулсан ч цусаар гүйж буй холбогч эдүүдэд очсон бактерийг устаагүй байх жишээтэй. Өөрийн дураар биш эмчийн зааврын дагуу төгс эмчлэх хэрэгтэй. Хоолойн өвчин агаар дуслын замаар халддаг гэр бүлийн өвлөл болчихлоо.
Гэр бүлийн гишүүдийн аяга, халбага тусдаа байхаас эхлээд нийгмийн эрүүл мэндэд анхааръя. Өвдвөл хоолойгоо содтой уусмалаар зайлж, гурвалсан үйлчилгээтэй эмийг эмчийн зааврын дагуу эхнээсээ зөв хэрэглээд архагшуулахгүй байх ёстой юм.
Чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх яриа дуусахгүй учир дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болноо. Нийгмийн сүлжээгээр цацсан шууд ярилцлагын үеэр үзэгчдээс ирсэн асуултад ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Дэлгэрмаа эмч маань хэрхэн хариулсныг сийрүүлье.
Хүүхдийн хоолой байнга давтамжтай улайж, өвдөөд байгаа нь юутай холбоотой вэ?
Хоолойн өвчин буюу ангинаг дотор нь улайх, идээлэх, идээ тархах үе гэж гурав хуваадаг. Энэ нь халдвар аваад эхний улайх үед байгааг нь дутуу эмчлээд байна гэсэн үг. Хоолойн гүйлсэн булчирхай жирийн үед ягаан байх ёстой. Улаан байгаа нь үрэвссэн байна. Эмчийн заавраар тохирсон антибиотек 7-8 хоног уугаад, хоолойг нь зайлж, үрэвслийн эсрэг эм уулгаж, эмчилгээг төгс хийснээр эдгэнээ.
Хоолой нь 1-2 сарын зайтай идээлж өвдөөд байгааг яах вэ? Хоолойн махыг нь авахуулах уу?
Чих, хамар, хоолойн мэргэжлийн эмчид хандаж, антибиотекийг зөв хэрэглэж, идээлж өвдсөн бол арчдасын шинжилгээ өгч ямар бактериар үрэвссэн, ямар эмэнд илүү мэдрэг байгааг оношилж эмчилнэ. Эмнэлэгт хандаж буй иргэдийн ихэнх нь дутуу эмчилсэн байдаг. Хэрэв та хүүхдийнхээ хоолойг үзүүлээд зөв эмчилсэн бол мах авах шатанд хүрэхгүй.
Дутуу эмчилснээс үүдэж, 14 хоноод эргээд өвддөг. Сүүлийн 3 жилд зургаагаас дээш удаа өндөр халуурах, зарим нь тууралт үүсээд, бөөр үрэвсч, зүрхний өвчлөлийн шинж илрэх тохиолдолд хоолойн мах авах заалт бий. Бага насны хүүхдэд мах авах заалт харьцангуй бага. Хүүхдийн гүйлсэн булчирхайтай ижил нармайн булчирхай нь томорч үрэвсэхээр амаа ангайж унтах, хурхирч унтаад нойрондоо амьсгалаа түгжээд байвал мах авах шалтгаан болдог. Олон дахин үрэвслээ гээд хоолойн мах авах шалтгаан болохгүй, зөв зохистой эмчийн заавраар эмчил гэж хэлмээр байна
Нярайн нус сорогч хэрэглэх нь зөв үү?
Би ийм хэрэглээнд таатай ханддаггүй. Учир нь хамар дотор дээд, доод, дунд самалдаг гэж бий. Нярай байх тусам эмзэг, цусан хангамж их байдаг. Хүүхэд хэдийчинээ бага байх тусам механик аргаар цэвэрлэ гэж зөвлөдөг. Дэлхийн хүндийн жингээр бидний ялгадас доошоо чиглэлтэй гардгийг цэвэрлээд авдаг. Харин хүүхэд хэвтэж байдаг учир ялгадас нь амруу ордог.
Хүүхдийн хамрын хөндий маш нарийхан учир жижигхээн ялгадас л хамар битүүрүүлчихдэг. Иймд хүүхдээ доош нь харуулж хэвтүүлээд уйлуулах, нарийнхан хөвөн ороож явч болно. Дусаалга дусааж, сорогч хэрэглэхгүй. Самалдаг нь том хүнийхээс хоёр дахин том учир халуун, хүйтэн, тамхины утаа зэрэгт маш амархан битүүрдэг.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин