АНУ-ын Калифорни мужийн цагдаагийн газар Перу улсын Ерөнхийлөгч асан Алехандро Толедог нэгэн ресторанд согтуурхсан байдалтай байхад нь саатуулан эрүүлжүүлжээ. Толедог нутагт нь авлигын хэргээр буруутгаж байгаа ч цагдаа нар маргааш нь түүнийг сулласан байна.
Экс Ерөнхийлөгчийг ням гарагийн орой саатуулж, даваа гарагийн өглөө гаргасан гэнэ. Цагдаа нар түүнийг улсдаа хуулийн асуудалд орсныг мэдэж байсан ч Перугээс түүнийг АНУ-д байхад нь саатуулах хүсэлт ирүүлээгүй болохоор тавьж явуулсан гэжээ.
Перу улс 2017 оны хоёрдугаар сард Толедог авлигын хэргээр саатуулах хүсэлт гаргаж байсан юм. 2001-2006 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан түүнийг эрэн сурвалжилж байсан боловч Толедо АНУ-ын иргэншил аваад зугтжээ.