Орон нутгийн замд гарсан ноцтой ослын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Ослын талаар тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины араас Говьсүмбэр аймгийн харьяат 25 настай иргэн М /эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин мөргөж 800 метр чирэгджээ. Суудлын автомашинд жолоочоос гадна хоёр зорчигч явсан аж.
Ослын улмаас төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө (2019.03.18) 03:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 45 минутын дараа очиж, 01 цаг 40 минутын турш ажиллан, цогцсуудыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Ослоор амь насаа алдсан иргэдийн нэр, хаяг тодорхойгүй байгаа юм байна.
Уг ноцтой осол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн төв замын 237 км дэх шонгийн дэргэд буюу сумын төвөөс урагш 15 км-т болжээ.