Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуультай холбогдуулан тус дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ.
БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцог энэ талаар ярихдаа мөнгө тараах арга улам нарийсч бэлэн мөнгө тараадаг байсан бол одоо бэлэн бусаар иргэдийн данс руу мөнгө шилжүүлдэг болсон гэв. Ардчилсан нам мөнгө шилжүүлсэн иргэдтэй гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд тусгаснаар урьдчилгаа 30,000 төгрөгийг эхний ээлжинд шилжүүлээд, сонгуульд АН ялсны дараа үлдэгдэл 30,000 төгрөгийг нь шилжүүлэх аж.
Тэрээр нэгэн баримтыг дурьдсан юм. БЗД-ийн III хорооны Засаг даргын хариуцсан 40 хүнд мөнгө тараах тухай агуулга бүхий иргэдийн нэр, регистрийн дугаар, дансны мэдээлэлтэй хуудсыг МАН-ын хороо олж авсан юм байна. Түүний хэлснээр өнгөрсөн бямба гарагийн 23:00 цагийн орчимд III хорооны Засаг дарга иргэдийн данс руу мөнгө хийж байна гэх мэдээлэл авчээ. Үүнийг нь шалгахаар 16 дугаар хорооллын автобусны буудлын урд талын экспресс банкинд очиход Б.Сүхцэцэг хорооныхоо хэсгийн ахлагчийн хамт дээр үзүүлсэн нэрсийг барьчихсан мөнгө шилжүүлээд зогсож байсан гэнэ.
Газар дээрх нөхцөл байдлыг хараад цагдаа дуудсан боловч цагдаа их удаж ирсэн бөгөөд энэ хооронд БЗД-ийн ажлын албаны хүмүүс ирж түүнийг хорьж зогсоод мөнгө шилжүүлж байсан хоёр эмэгтэйг зугтаалгасан гэнэ. Тэд зугтаж байхдаа цүнхнээсээ иргэдийн нэр, дансны мэдээлэл болон гэрээгээ унагажээ. Ингэж олж авсан баримтуудаа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэлээ.
Түүнчлэн АН-ын зүгээс уг сонгуулийг хууль бус хэмээн үзэж, оролцохгүй гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр бие даан нэр дэвшиж буй хоёр хүн АН-ын гишүүд гэдгийг мөн дүүргийн МАН-ын хорооны зүгээс хэлж байлаа.
Хэвлэлийн бага хуралд Ногоон намын төлөөлөл мөн оролцлоо. Тус намаас хоёр нэр дэвшигчээ сойжээ.
1 comment
Шилжүүлгийг ,хийсэний ,дараа ,барих ,байлаа. Одоо ,бол ,өөр ,юм ,ярина. Хэрэг ,үүсэхгүй ,болждээ.