Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс гарч цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтаа дахин сэргээж магадгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Чхе Сон Хи мэдэгджээ.
Чхе Сон Хи энэ мэдээллийг гадаадын сэтгүүлчдэд өгсөн бөгөөд саяхан Ханой хотноо болж өнгөрсөн Дональд Трамп болон Ким Чен Ун нарын уулзалтын үеэр Америкийн тал “алтан боломжийг” алдсан гэж АНУ-г буруутгажээ.
Анх дээд хэмжээний уулзалтын өмнө БНАСАУ АНУ-ын талд Ёнбон дахь цөмийг цогцолборыг татан буулгах боломжийн талаар хэлэлцэх саналыг тавьсан байна. Гэвч уулзалт хугацаанаасаа өмнө өндөрлөж, ямар нэгэн үр дүнд хүрээгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тавьсан үг дуугүй цөмийн зэвсгээ устгах нэг талыг баримталсан шаардлагыг Умард Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд “гангстерын” тулгалт хэмээсэн Чхе Сон Хи цааш нь хэлэхдээ “Бид АНУ-ын энэ шаардлагатай ямар ч хэлбэрээр санал нийлэхгүй. Иймэрхүү хэлэлцээрт оролцохыг хүсэхгүй байна” гэжээ.
Үүнээс гадна Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ойрын хугацаанд АНУ-тай хийх ирээдүйн хэлэлцээрийн талаар албан ёсны байр сууриа мэдэгдэнэ гэдгийг дуулгажээ.
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд мөн Ханойн уулзалтын үеэр Умард Солонгосын тал Трампын мэдэгдсэнчлэн эдийн засгийн бүхэл хоригийг бус харин зөвхөн гол таван хоригийг цуцлуулахыг зорьсон. АНУ “алтан боломжийг” алдах шиг боллоо. Тэд яагаад хэлэлцээрийг огт өөрөөр тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.
Манай тал бүх хоригийг бүхэлд нь цуцлахыг хэзээ ч шаардаж байгаагүй” гэжээ. Гэхдээ Чхе Сон Хи Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд тогтсон хувийн нөхөрсөг харилцааг магтсан байна.
Ханойн уулзалтын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн адил Умард Солонгосыг бүх хоригийг цуцлахыг шаардсан тухай маш тодорхой мэдэгдсэн билээ.
“Уулзалт хугацаанаасаа өмнө дуусах шалтгаан хоригийн тухай асуудал байлаа. Тэд бүх хоригийг бүхэлд нь цуцлахыг шаардсан бол бид түүнийг зөвшөөрөх боломжгүй байсан. Заримдаа зүгээр л босоод явчихсан нь дээр байдаг. Энэ удаа тэр үе нь байлаа” хэмээн мэдэгдэж байв.
Мөн энэ уулзалтын дараа Вашингтон хоёр улсын хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа нэг биш удаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: usatoday.com