Швейцарын талаас өгсөн С.Баярцогтын оффшор бүс дэх 5 дансны баримт өнөөдөр Улаанбаатарт иржээ

Швейцарын холбооны улсад айлчилсан УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан явсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твиттер хуудсаараа дамжуулан өчигдөр (2019.03.15) оффшорын тухай шинэ мэдээлэл хүргэсэн. Тэр “Швейцарын Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын оффшор дансны хуулгыг тээж очно гэж мэдэгдсэн юм.
Түүний мэдээлж байгаагаар Швейцарын тал Монголын УИХ-ын даргын айлчлалын үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд ашиглаж байсан дансны хуулгыг өгсөн. Энд Баярцогтын 2008.09.30-2013.12.31-ны хооронд гүйлгээ хийж ашигласан ам.долларын 3, еврогийн 2 данс, нийт 5 дансны мэдээллийг багтаж байгаа гэнэ.
Өнөөдөр өглөө (2019.03.16) УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүн Улаанбаатарт ирсэн бөгөөд тэднээр дайгдан ирсэн С.Баярцогтын дансны хуулгыг Т.Аюурсайханы хэлж байгаагаар эхлээд Гадаад хэргийн яам авна. Дараа нь АТГ хүлээн авах гэнэ.
Нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад мартсан С.Баярцогтын оффшор дансны дуулиан 6 жил үргэлжилж байна. Одоогоор С.Баярцогтыг АТГ Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.