Европын холбоо хөрөнгө орлоготой хүмүүсийн мөнгийг байршуулж, татвараас зайлсхийх боломж олгодог “оффшор-бүс” буюу оффшор үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын хар жагсаалтыг шинэчлэн гаргаж, хоёр өдрийн өмнө олон нийтэд танилцууллаа.
Жагсаалтыг тухайн улс орны татварын нөхцөл, удирдлагын тогтолцоо, эдийн засгийн идэвхжил зэргийг харгалзан үзэж, “хар жагсаалт”-д багтах улс орнуудыг тодорхой нөхцлүүдээр хувааж ангилжээ.
Тус зөвлөлийн “хар жагсаалт”-д шинээр Аруба, Барбадос, Белиз, Бермудын арлууд, Вануату, Доминиканы БНУ, Фижи арал, Маршаллын арлууд, Оман, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 10 улс нэмэгдсэн байна. Мөн Америкийн Самоа, Гуам, Самоа, Тринидад Тобаго, Америкийн эзэмшил дахь Виржинийн арлуудыг багтахаар судлаж байжээ.
Оффшор бүсэд тооцогдох “хар жагсаалт”-аас татварын орчин нөхцлөө сайжруулан, хасагдах, нэрээ цэвэрлэх боломж мөн улс орнуудад байдаг аж. Энэ талаар Румыны Сангийн сайд Еужен Теодорович “Тухайн улс орны эдийн засгийн өсөлт, татварын бодлогын нээлттэй байдал, хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх үе шат зэргийг харгалзан үзэж оффшорыг дэмжигч орны жагсаалтаас хасах механизм байгаа” гэж хэлсэн байна.
Харин OXFAM INTERNATIONAL байгууллагын олон улсын татварын мэргэжилтэн Кьяра Питатуро, цаашид улс орнууд хууль бусаар татвараас зайлах, хөрөнгө мөнгөө нуух, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд татварын шинэчлэл хийж, бодлогоо эргэн харах нь зүйтэй гэж зөвлөжээ.
Европын холбооны зөвлөл болон ЕХ-ны улс орнууд цаашид санхүүгийн болон хөрөнгө оруулалтын хяналт шалгалтыг идэвхжүүлж, шаардлагатай нэмэлт арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаа гэнэ. ЕХ-ноос оффшор бүсийн “хар жагсаалтаас” гадна мөн “саарал жагсаалт” гаргаж, цаашдын санхүү, хөрөнгө мөнгөний эрсдэлтэй байдлаас сэргийлэх алхам авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар “саарал жагсаалт”-д 34 улс орны нэр багтаад байна.