Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн. Үүнээс арван гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ.
Нийт өргөдөл, гомдлын 63 нь шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байжээ. Эдгээрийн 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, гурван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.
Гомдлын дагуу 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан гэж Мөрдөн байцаах албаны эх сурвалж өнөөдөр мэдээлэв.
Мөрдөн байцаах алба нь Ганц худагийн урьдчилсан хорих төвд нас барсан шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Албаныхан талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлжээ. Одоогоор хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа гэнэ.