ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ оны нэгдүгээр сард нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хяналт, шалгалт хийж хууль бус агнууртай холбоотой цөөнгүй хэрэг илрүүлжээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүд баавгайн 7 ширхэг савар, эд эрхтэн, хөлдөөсөн алтайн хойлог шувуу тээвэрлэж яваад баригдсан байна. Мөн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн гурван ширхэг арьс, гавлын яс, хөлдөөсөн махыг худалдах зорилгоор тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа ажээ.
Хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм. Үүний нэг нотолгоо нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачилж, Хууль зүйн сайдын тушаалаар байгуулсан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл юм. Дэд зөвлөл байгуулагдсанаар хууль хүчний байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, хэрэг илрүүлэлт нэмэгдэж байгааг цагдаагийнхан онцлон хэлж байна.
Хэдийгээр хууль бус агнуурын эсрэг тэмцэлд ахиц гарч байгаа ч эрэлтэд тулгуурласан амьтны эд эрхтний хууль бус худалдаа буурахгүй байна. Тиймээс төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг бий болгох, боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт хийх зэрэг ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна.