Дашдоржийн Нэмэхбаяр гэх залуу нийслэлийн өмчийн харилцааны газарт ажиллаж байсан бөгөөд төв талбай, Төрийн ордон руугаа харж байгаад шээсэн ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө ажлаасаа халагдсан. Мөн тэрээр бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэгдэн АТГ-т шалгагдаж, улмаар мөрдөн байцаалт нь дуусч, хэрэг нь шүүхэд шилжсэн аж.
Хэргийн тухайд, Д.Нэмэхбаяр нь нийслэлийн Өмчийн харилцааны газарт “Үдийн цай” хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалыг хашиж байхдаа тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс авлига авдаг байсан гэх мэдээлэл АТГ-ынханд ирсэн аж. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тэрээр хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийн хамт сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгж, иргэдээс 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээний хахууль авдаг байсан нь тогтоогджээ.
Тэгвэл өнөөдөр (2019.03.13) Д.Нэмэхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон байна. Харин шүүх хуралд оролцогч хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг энэ сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.