ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хуурамч булшны чулууг босгосон хоёр хүнд өчигдөр тус улсын шүүхээс хорих шийтгэл оноосон байна. Тэдний нэг болох Карим Ямадаев 28 хоног, нөгөө нь болох Николай Переседов зургаа хоногийг торны цаана өнгөрөөхөөр болжээ. Ямадаев нь энэ сарын эхээр Татарстаны Набережные Челны хотын мөрдөн байцаах газрын үүдэнд Путиний гэрэл зураг, нэр, “1952-2019 он” гэсэн бичигтэй чулууг босгож орхисон байна.
Гуравдугаар сарын 10-ны өдөр түүнийг цагдаа нар баривчилжээ. Одоо 37 настай Ямадаев өнгөрсөн нэгдүгээр сард мөн улс төрийн хоригдлууд, амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалд зориулан хөшөө чулуу босгосныхоо төлөө найм хоног хоригдож байсан юм. Харин өчигдөр түүнтэй хамт шийтгүүлсэн Переседов нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийг хамруулсан цуглаан зохион байгуулсанд буруутгагджээ. Кремлийн удирдагчид Оросын интернэтийг гадаад ертөнцөөс салгах хууль хэлэлцэж байгаа. Үүнийг эсэргүүцэж Путиний хуурамч булшийг босгох ажиллагаа Оросын янз бүрийн хотуудад өрнөсөн юм.
Ямадаевын үйлдлийг өмгөөлсөн “Бессрочка” хөдөлгөөний идэвхтэн “Путин чөлөөт интернэтийг булшилсан, тэгвэл Набережные Черны хотын иргэд Путинийг булшилжээ” хэмээн сошиал хуудсандаа бичсэн байна. “Бессрочка” нэр нь сүүлийн 20 орчим жил тасралтгүй Орос орныг захирч байгаа Путиний засаглалыг эсэргүүцсэн утгатай юм.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty