“Тэтгэвэртээ гарсан ахмад настан гэхээр заавал ач, гуч нараа асарч, гэрийн мухар сахиж, нийгмээсээ тусгаарлагдсан хүн байх ёсгүй. Тэд ч бас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, спортоор хичээллэх эрхтэй. Тиймээс залуустаа хандаад аав, ээжээрээ хэтэрхий их үр хүүхдээ асруулах биш, харин тэд нарыгаа өөрсдийг нь асран халамжилж, эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг нь олгооч” хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дарга Б.Эрдэнэбат зөвлөлөө. Тус эмнэлэг нь Монголдоо ганцхан байдаг ахмадын төрөлжсөн эмнэлэг юм.
Анх 1977 онд Ардын хурлын шийдвэрээр Өндөр настны кабинет ажиллаж эхэлсэн түүхтэй. Ингээд 1992 оноос Герантологийн үндэсний төв гэж ахмадуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг зориулалтын газар байгуулагдсан юм. Улмаар 2017 оны 6 сараас Баянгол дүүргийн Ахмад настны эмнэлэг албан ёсоор байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Манай энэ эмнэлэг есөн дүүрэгт ганцхан байдаг эмнэлэг. Сүүлийн үеийн найман давхар шинэ барилга байгууламж, Японы орчин цагийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Албан ёсоор Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа гэж явдаг.
Баянгол дүүргийн харьяа эмнэлэг гэлээ. Бусад дүүргийн ахмадууд үйлчлүүлэх боломжтой юу?
Зөвхөн Баянгол гэлтгүй бусад дүүргийн ахмадуудад чөлөөтэй үйлчлэхээс өөр аргагүй. Манай эмнэлэг Японы 3D эхо аппарат, харвалтын дараахь дасгал хөдөлгөөний төхөөрөмжүүд, нөхөн сэргээх чиглэлийн аппарат, хөдөлгөөн заслын кабинеттэй. Манай дүүрэг 210 мянган хүн амтайгаас 23 мянган ахмад настантай. Баянгол дүүргийн эмнэлгийн дотор, уламжлалт эмчилгээний тасгийн нийт үйлчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь ахмадууд байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс манай Ахмадын эмнэлэг дүүргийнхээ эмнэлгийн дотор, мэдрэл, уламжлалтын тасгийн ачааллыг 50 хувь хөнгөлж чаддаг гэж хэлж болно. Бид уг нь 60 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай байсан юм. Гэвч ачаалал их байсан учраас өнгөрсөн жилээс орныхоо тоог 80 хүргэлээ. Ахмадууд эмнэлэгт хэвтэх нь залуусыг бодвол илүү их байдаг.
Цагаан сарын баяр дуусаад удаагүй байна. Ахмадууд маань энэ баяраар их ядардаг бололтой. Өөх тостой хоол идэхээс эхсүүлээд бие нь ядарч, чилээрхсэн ахмадууд их ирж байна.
Тиймээс бид орныхоо тоог 80 болгож нэмэгдүүлсэн. Даралт нь ихэссэн, зүрх судасны өвчин сэдэрсэн, буруу хооллолтоос болж хоол боловсруулах замын эрхтэн нь хямарсан ахмадууд их ирж байна. Зарим тохиолдолд орон нутгаас ирсэн ахмадууддаа ч үгүй гэж хэлж чадалгүй үйлчлэх шаардлагатай болдог.
Ахмад настны эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа ямар хүчин зүйл байна вэ?
Бидний амьдарч буй хотын орчин нөхцөл ахмад настнуудад тийм ч таатай биш гэж хэлмээр байна. Хотжилт, төвлөрөл их явагдсанаас болж утаа тортог ямар болчихоод байгааг л хар. Цаг агаар, орчин нөхцлийн хувьд Улаанбаатар хот ахмадуудад тийм ч таатай орчин биш болсон. Тиймээс хотод амьдарч буй ахмадуудад хөдөлгөөний хомсдол их байна. Тулгуур эрхтэний согогууд, зүрх судасны өвчлөл түгээмэл тохиолдох боллоо. Үүнд бодисын солилцооны өөрчлөлт, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг ихээр нөлөөлж байгаа. Үе мөчний том үеийн хомсдол ч элбэг тохиолдож байна. Зүрхний архаг дутагдал, уушигны архаг өвчлөл, хоол боловсруулах замын өвчин нийслэл хотын ахмадуудад хөдөө орон нутгийнхныг бодвол илүүтэй илрэх болжээ.
Манай эмнэлэг байгуулагдсанаас хойшхи хоёр жилийн үзүүлэлтээр ахмад настнуудад зүрх судас, амьсгалын замын өвчлөл нэгдүгээрт, хойноос нь хоол боловсруулах замын өвчин, гуравт нь тулгуур эрхтэний асуудал орж байна. Жилд хэвтэж эмчлүүлдэг 3000-4000 хүний дунд хийсэн судалгаагаар байдал ийм байгаа. Герантологийн үндэсний төвийн судалгааг нэмбэл үүнээс нарийн тоо баримт гарна.
Та ахмадуудаа асарч халамжлах ёстой гэр бүл, үр хүүхдүүдэд нь хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Гэр бүлийн гишүүдэд хандаж хэлэхэд ахмад настнуудаа амьдрах ээлтэй, таатай орчин бүрдүүлж өгмөөр байна. Зун болохоор хөдөө гадаа явуулж байгаач. Хөдөлгөөний дутагдалд бүү оруулаач. Хөдөө биш бол ядаж зусланд гаргаач. Ингэхгүйгээр дөрвөн хананы дунд хориод байхаар ахмадууд чинь бухимдалтай, хөдөлгөөний дутагдалтай, өвчин эмгэгтэй болоод байна. Хөдөлгөөн хэрэгтэй гээд залуу хүмүүс шиг спортын хүнд төрлөөр хичээллэх шаардлагагүй. Хөнгөн хөдөлгөөн, агаарт тайван алхах, сувилалд явах, хоолны дэглэм барих нь чухал.
Өөр ямар асуудал ахмадуудад тулгарч байна вэ?
Манайд эмчлүүлж байгаа ахмадууд дотор эмзэг бүлгийн, хоол тэжээлийн дутагдалтай, харж хандах үр хүүхэд, ах дүүс муутай, улсаас зайлшгүй асаргаа сувилал шаардлагатай хүмүүс цөөнгүй байна. Үүнээс гадна архаг хууч өвчинд нэрвэгдчихсэн, зайлшгүй хэвтэж эмчлүүлэх ёстой настнууд гэж бий. Гэтэл бас хажуугаар нь хэтэрхий эмч, эм тариаг шүтчихсэн, эмнэлэгт хэвтэх дуртай ахмадууд бас байна. Эрүүл агаар, хөдөлгөөн, зөв хооллолтыг эрхэмлэхийн оронд ингэж хэтэрхий эм тариа, эмнэлгийг шүтэж, амьдралын буруу хандлага, буруу хэв маягтай болж болохгүй.
Эм, тариа хоёр хийлгэж л байвал сэтгэл санаа нь сэргэж, бие нь сайхан болдог ийм ахмадууд олон байгаа нь харамсалтай. Эм тариа, эмнэлгийг биш, байгаль дэлхий, эрүүл агаар, амьдралын зөв хэв маягийг шүтэх хэрэгтэй гэж зөвлөе.
Ахмад настнуудын сэтгэл зүй стресст орж, бухимдахад юу нөлөөлөөд байна вэ. Тэд яагаад юм болгон дээр эмнэлэг, эм тариа гэж гүйдэг болчихов оо?
Үүнийг судалдаг герантологи гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Монголоор наслал судлалын шинжлэх ухаан гэж хэлж болно. Хамгийн гол нь бид ахмадууддаа амьдрах тайван, ээлтэй орчин бүрдүүлж өгөөд зохих ёсоор анхаарал халамж тавьдаг баймаар байна. Харин ахмад настнууддаа өөрсдөд нь хандаад дураараа битгий эм, тариа хэрэглээч. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч байгаач гэж хэлье. Дураараа хэрэглэж байгаа эм, тариа бүхэн чинь хор шүү.
Хавар болж байна. Ийм цаг үед ахмад настнууд ямар төрлийн үзлэг, шинжилгээнд хамрагдвал зохистой вэ?
Хавраас гадна өвлийн эрс тэс уур амьсгал орохын өмнө намрын улиралд нарийн мэргэжлийн эмчид нэг удаа үзүүлээд, хэвлийн хөндийн эхо оношилгоо, рентген зэрэгт орчихож байх хэрэгтэй.
Эрүүл мэндийн даатгалын хувьд ахмадууд ямар тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авч болдог юм бэ?
Улсын эмнэлгүүдийн хувьд ахмад настан болон хүүхдүүдэд бүх төрлийн үзлэг шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх нь үнэ төлбөргүй. Бид заавал эрүүл мэндийн дэвтрээ авчир гэхгүйгээр хүрч ирсэн ахмадуудыг бүдгийг нь үзээд, оношилж байгаа. Тэртээ тэргүй цахим руу оруулахаар бүгд гараад ирдэг учраас энэ тал дээр санаа зоволтгүй.
Улсаас ахмад настнуудад зориулж хэрэгжүүлдэг төрөл бүрийн хөтөлбөрүүд бий. Танайх эдгээр хөтөлбөрт хамрагдсан уу?
Бид Засгийн газар, Эрүүл мэндийн сайдын шийдвэр болох ахмад настнуудад чиглэсэн үзлэг шинжилгээ, оношилгоо эмчилгээг цогцоор нь хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Гэрээр эмчлүүлэх шаардлагатай хэвтрийн ахмад настнууддаа аль болох хүрч ажиллахыг эрмэлзэж байна. Энэ жил иргэн төвтэй төрийн үйлчилгээг үзүүлэх жил. Тиймээс энэ онд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ нягт хамтарч ажиллах зорилго тавьсан. Үйлчилгээгээ хөнгөн шуурхай, эмх цэгцтэй болгох шаардлага тавьж ажиллаж байна.
Ахмад настнууддаа хандаад хаврын энэ хатуу хахирган цагт хэрхэн зөв хооллох зөвлөгөө өгөөч?
Ахмадуудын хувьд өглөө босоод ирэхэд бодисын солилцооны хэмнэл удааширч, элэг, цөс зэрэг хоол боловсруулах замын эрхтний ачаалал авах чадвар суларсан байдаг. Тиймээс өглөө хүүхдийн будаа зэрэг цагаан хоол идэх хэрэгтэй. Өдөр нь аль болох амьтны гаралтай уураг бүхий хоол болж өгвөл идээрэй. Харин орой нь жимс жимсгэнээр хооллодог байвал зүгээр. Ер нь хаврын энэ цаг үед жимс, хүнсний ногоогоо түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Танайд хэвтсэн хүмүүс дундажаар хэд хоног эмчлүүлэх боломжтой вэ?
Манай эмнэлгийн дундаж ор хоног нэг ахмад настанд 7-10 хоног. Ер нь бол ахмадууд зургаан сардаа нэг удаа хэвтэн эмчлүүлэхэд тохиромжтой. Гэтэл зарим нь ойр ойрхон хэвтэж эмчлүүлэх гээд зүтгээд байдаг. Үүнээс болж бусад өвчтөнүүдэд хэвтэж эмчлүүлэх боломж олдохгүй байх тохиолдол ч гардаг.
Заавал ахмад настан гэлтгүй хүн эрүүл байхын тулд хамгийн түрүүнд юундаа анхаарах ёстой юм бэ?
Амьдралын зөв хэв маягийг эрхэмлэх хэрэгтэй. Хөгшин, залуу ялгаагүй хүн бол сэтгэлийн амьтан. Тиймээс сэтгэлээ засч, сэтгэлээ аль болох амар амгалан байлгах хэрэгтэй. Сэтгэлээ ариусгаж, иогоор хичээллэх, өөрийнхөө дотор хүнтэй ярилцдаг байхад буруудахгүй. Заавал иога гэлгүйгээр хөнгөхөн гимнастикаар хичээллэж болно. Иогаар хичээллэхээс гадна нийтийн бүжгэнд ордог, хөдөлгөөн сайн хийдэг, тэр хэрээрээ эрүүл явдаг үлгэр жишээ ахмадууд зөндөө байна. Тэднээс суралцах хэрэгтэй.
Ахмадууд маань тэтгэвэртээ гарч, хөдөлмөрийн талбараасаа холдсоноор сэтгэл санаагаар унах, дагаад өвдөж зовох магадлал нь нэмэгддэг. Зарим үр хүүхдүүд нь аав, ээжийгээ нийгмээс тусгаарлаад, зөвхөн ач гуч нарыг нь асруулахаас өөр ажил хийлгэхгүй байна. Энэ бол буруу. Аав, ээждээ насных нь эцэст хэт их ачаалал өгч, байнга үр хүүхдээ битгий асруулаач. Тэдэндээ өөрийнхөө тааваар нийгмийн амьдралд оролцож, хөдөлж явах боломж олгооч гэж захимаар байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
1 comment
Энэ хэн гээч нь вэ? Бас нөгөө хонгилын эмч үү?