Венесуэль улсыг гэрэл цахилгаангүй болгосон хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж эхэлснээ тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро Даваа гарагт зарлажээ.
Гури усан цахилгаан станцын харилцаа холбооны системийг сүйтгэх замаар эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулсан гэж тэднийг сэжиглэж байгаа гэнэ. Өмнөд бүсийн Боливар мужид оршдог Гури усан цахилгаан станц нь Венесуэлийн эрчим хүчний 80 орчим хувийг хангадаг.
Энэ удаагийн цахилгааны тасалдлыг АНУ-ын империалистууд зохион байгуулсан гэж үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан Мадуро дээрх хоёр сэжигтний ард хэн байгааг илрүүлэхээ амлажээ.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт эхэлсэн цахилгааны саатал өнөөдрийг хүртэл бүрэн арилаагүй байгаа юм. Николас Мадуро уг гамшгийн үед тайван амгалан, хүлээцтэй байсан ард иргэддээ талархал илэрхийлсэн байна.
Венесуэлийн ихэнх хэсэг харанхуй хэвээр байгаа тул тэрээр Мягмар гарагт сургууль, цэцэрлэгүүд, албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг гэрт нь байлгах шийдвэр гаргажээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Венесуэльд нүүрлэсэн эрчим хүчний тасалдлыг Мадурогийн засгийн газрын буруу, оновчгүй үйл ажиллагаатай холбоотой гэж мэдэгдээд Вашингтоны захиалгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх сэжгийг няцаасаар байгаа юм.
Эх сурвалж: