Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн 1,435 хүүхдийн цэцэрлэг, 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн орчинд бага насны хүүхдийн идэж буй хоол хүнсний чанар, эрүүл аюулгүй орчны асуудал нь эцэг, эхчүүдийн анхааралд байсаар ирсэн. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай хуулиуд болон Хоолны газрын нийтлэг журам зэргээр сургууль, цэцэрлэгийн гал тогоонд мөрдвөл зохих стандартыг зохицуулж өгсөн байдаг аж. Бодит байдалд хууль журмууд бүрэн хэрэгжиж чаддаггүй гэдгийг эцэг эхчүүд хэлж байгаа юм. Иймээс энэ удаагийн эрүүл ахуйн чиглэлээр хийх шалгалтын талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуултай ярилцлаа.
-Энэ онд сургууль, цэцэрлэгт төлөвлөгөөт шалгалт хэдийг хийх вэ?
-Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт шалгалт албан ёсоор зарлагддаг. Өмнөх оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгах объектуудын тоо болон хэзээ шалгах хугацааг гаргадаг. Холбогдох хуулиудад заасны дагуу хүүхдийн сурч, хүмүүжих нөхцөл байдал нь эрүүл ахуйн шаардлагад нийцэж байна уу гэдгийг шалгадаг. Энэ чиглэлээр 62 цэцэрлэг, 70 сургуулийг шалгахаар зарласан байгаа. Цэцэрлэгийн шалгалт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15 хүртэл, сургуулийн шалгалтыг энэ сарын 15-наас тавдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байна.
-Чанар стандартын хувьд ямар шаардлага тавьдаг вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага нь хуулийг албан журмаар сахиулдаг. Сахиагүй бол торгууль, нөхөн төлбөр тавьж, үүрэг даалгавар өгч, биелүүлүүлэх үүрэгтэй. Мөн байгууллагуудад тусгай хяналтын хуудас өгдөг. Бага, дунд, их эрсдэлтэй эсэхийг үнэлдэг. Их эрсдэлтэй гарсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоохоос эхлээд арга хэмжээ авна. Төлөвлөгөөт шалгалт хийсэн газруудаа үнэлж дуусаад, дараа жилийн төлөвлөгөө гарна. Дараа жил өмнөх жилийн шалгасан газруудаас дахин шалгах шаардлагатайг нь шалгана.
Эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллана. Ундны ус, хоол үйлдвэрлэл, гадна болон доторх тоглоом, хүнсний бүтээгдэхүүн, хөрс нь шаардлага хангаж байна уу, цэвэрлэгээ, халдваргүйтлийг шалгах арчдас авах зэргээр бүх төрлийн шинжилгээ авна. Барилгын стандарт болон нэг хүүхдэд юу юу ногдож байгааг шалгана. Тухайлбал, цэцэрлэгт найман хүүхдэд нэг суултуур, сургуульд 12-15 хүүхдэд нэг гар угаалтуур, суултуур ногдох жишээний. Гэрэлтүүлэг зөв байна уу, коридортой байна уу, хувийн цэцэрлэгт нэг хүүхдэд 5.4 метр квадрат талбай ногдох ёстой. Энэ нь байна уу зэргээр олон нарийн стандартын дагуу, аль чиглэлээр шалгалт зарласан гэдгээс хамаарч холбогдох байцаагчид шалгадаг.
-Ихэвчлэн ямар зөрчил илэрдэг вэ?
-Улсын, цэцэрлэгт нягтрал маш их. 260 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт гэхэд 500 гаруй буюу хоёр дахин их хүүхэд байдаг. Үүнтэй холбоотойгоор эрүүл ахуйн ихэнх зөрчил гардаг. Нэг хүүхдэд ногдох талбай багасна. Угаагуур суултуурын тоо хүрэлцэхгүй. Гал тогооны чанар, стандартыг олон хүүхдэд тохируулж сайжруулах шаардлагатай. Гарын ариун цэвэр сайн сахихгүй бол өвчлөл үүснэ гээд зөрчил эхэлнэ. Шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгүүд галтогоог буруу төлөвлөж хийх, шатны урсгал буруу байх зэргээр эрүүл ахуйн нөхцөл байдал нь барилга болон үйл ажиллагаатай холбоотойгоор илэрдэг. Зөрчил гаргахгүй байхад тухайн сургууль, цэцэрлэгийг хариуцаж буй албан тушаалтнууд, ажилчдын хандлага бас чухал юм.
-Тэгэхээр илэрсэн зөрчилд ямар арга хэмжээ авах вэ?
-Улсаас цэцэрлэг шинээр барих, хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь өгөх, салбар бүлэг байгуулах зэргээр арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн жилүүдэд нягтаршил буурч байгаа. Гэвч шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлтөөс хамаарч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо төдийлөн буурдаггүй. Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар арга хэмжээ авдаг. Хүний амь нас, эрүүл мэндэд зайлшгүй хохирол учруулах болзошгүй гэвэл үйл ажиллагааг зогсооно. Торгуулийн арга хэмжээ авна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол нөхөн төлбөр тавина. -Нягтаршил ихээс зөрчлүүд үүсдэг гэлээ. Энэ асуудалд яаж ханддаг вэ?
-Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар сургууль, цэцэрлэг буюу бага насны хүүхдийн хоол тэжээлд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт өгч байгаа. Өмнө нь бүх газарт ажлын байрны дүгнэлт өгдөг байсан бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний гал тогоог шалгаж, ажлын байрны дүгнэлт олгож байгаа. -Ялангуяа захын хороололд шаардлага хангахгүй хувийн цэцэрлэг олон байдаг. Улсын болон хувийн цэцэрлэгт шалгалтын үр дүн ялгаатай гардаг уу?
-Ялгаатай байлгүй яахав. Гэхдээ сайн ажиллуулдаг хувийн цэцэрлэг ч бий. Энэ жил төлөвлөгөөт шалгалтын дийлэнх хувийн цэцэрлэгт хийхээр байгаа. Өнгөрсөн онд шалгаад цөөнгүй хувийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг хүргүүлсэн. Тодорхой хэмжээгээр цуцлагдсан байгаа. Улсын цэцэрлэгийн хувьд хариуцлага илүү, хяналт, шаардлага ч илүү тавьдаг. Хувийнх бол үйл ажиллагаа тогтворжоогүйгээс эхлээд хүндрэлүүд бий. Шалгалтаар үйл ажиллагааных нь ахисан түвшинг хардаг. Жилээс жилд ихээс дунд, дундаас бага эрсдэлтэй болгоход чиглүүлж ажиллана. Гэхдээ хүүхдийн байгууллагад бага эрсдэлтэй нь бага. Ихэвчлэн дунд эрсдэлтэй. Мөн их эрсдэлтэй ч цөөнгүй. Хувийн цэцэрлэг улсын цэцэрлэгээс хүүхдийн тоогоор харьцангуй бага ч барилга байгууламжийн стандарт сул. Стандарт руу дөхүүлсэн л байдаг даа. Хүүхэд өсөж хүмүүжиж буй орчны хамгийн чухал нь аюулгүй байдал. Дараа нь эрүүл ахуйн таатай нөхцөл байдаг юм.
-Хүүхдийн хоолны чанар чухал шүү дээ. Энэ тал дээр юу ажиглагддаг вэ?
-Яг шалгахаар илчлэг, шаардлага хангаад байгаа юм шиг хэр нь өдөр тутамд ямар хоол өгч байгааг сургуулиас хянах ёстой. Хөндлөнгийн хяналтаар чанарыг бүрэн хэлж мэдэхгүй шүү дээ. Төлөвлөгөөт шалгалтыг заавал мэдэгдэж очдог. Харин гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг шууд хийх боломжтой.
Эх сурвалж: