Төрийн албан хаагч, улстөрийн албан тушаалтнууд хувьдаа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг (ББСБ) ikon.mn сайт өнгөрсөн нэгдүгээр сард баримтаар дэлгэн үзүүлсэн.
Тэдний мэдээллийг хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс шүүн авсан байв. Учир нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд ББСБ-аараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж хардагдаж буй.
Шүүлтээр хөрөнгө орлогоо мэдүүлдэг нийт 35,538 албан тушаалтны эзэмшдэг 82 ББСБ байсан бөгөөд үүн дотор Монголбанк, Төрийн банканд ажилладаг хэд хэдэн хүн банк бус санхүүгийн байгууллагатай нь ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэйг харуулсан байв.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанканд ажилладаг хэрнээ ББСБ-тай гэгдэх нэр бүхий таван хүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тухай Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Монголбанканд өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа таван хүн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг ББСБ-тай гэсэн мэдээлэл гарч ирсэн бөгөөд эдгээр таван хүнд Монголбанкны Ерөнхийлөгчийн зүгээс сануулга өгч ёс зүйн хариуцлага тооцжээ.