“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Манай компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байгаа юм. УИХ-ын тогтоолоор хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Өнгөрсөн хоёр удаа шүүхээс хэлцэл хийгээгүй байна гэсэн шийдвэр гаргаж, манай 49 хувийн эзэмшлийг сэргээсэн.
Сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулан дахин хэлцэл хийх хүсэлтээ хүргүүлж байна. Өмнө нь манай зүгээс хэд хэдэн удаа энэхүү хүсэлтийг хүргүүлж байсан. Уулзах хүсэлтийг ч мөн Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүст өгч байсан.
2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэлцэл хийх замаар манай компанитай ярилц гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бид тэр хүрээнд хэлцэл хийе гэж байгаа юм. Хэлцэл гэдэг бол хоёр талын гарын үсэг зурсан бичиг баримт байдаг. Одоогийн байдлаар ийм зүйл хийгдээгүй байгаа” гэв.
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа. Би энэ асуудлаар нийтдээ 10 гаруй удаа ЭЦА, АТГ-т мэдүүлэг байцаалт өгсөн.
Бид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад биднийг хүлээн авч уулзаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлээч гэдэг хүсэлтээ хүргүүлж байгаа юм.
Энэ ташрамд нэг зүйлийг хэлье. Миний ээж насаараа төрийн албанд ажилласан, орон нутагт ажиллаж амьдардаг хүн бий. Ж.Батзандан гишүүн рүү яриагүй, ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг шүүмжилж байсан хүнээс тусламж гуйна гэж байхгүй” гэлээ.