“Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабараторийн шинжилгээгээр батлагдсан билээ. Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Оюутолгой” компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийжээ.Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож, сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн юм.
Үүнээс халдварын тохиолдол илрээгүй байна. Мөн тус компаний гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж ажиллав. “Оюутолгой” компаний зүгээс мэргэжлийн багийнхныг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийлжээ.