Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шүүн шийдвэрлэсэн гэх Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг ХХБ-тай холбоотой, тус банкны хуульч гэх зэргээр ярьж мэдээлж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудал шүүх дээр эцэслэгдсэн гэж олон нийт ойлгосон. Харин энэ талаар шүүгч М.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүний шийдвэрлэсэн асуудал бол өмчлөлтэй огт хамааралгүй, харин бүртгэлтэй холбоотой байсан гэх тайлбарыг өгчээ.
Тодруулбал, УИХ-ын 23 дугаар тогтоолд Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй “хэлцэл” хийх замаар шийдвэрлэхийг даалгажээ. УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хянаж үзээд гаргасан дүгнэлтэдээ мөн “хэлцэл” хийх замаар хэрэгжүүлэхийг дурдсан юм байна.
УИХ-ын 23 дугаар тогтоолын гуравдугаарт:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай гэжээ.
Харин Засгийн газар тогтоол гаргахдаа Эрдэнэтийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ыг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн аж. Тиймээс хүч түрэх байдлаар УИХ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Засгийн газрын дээрх тогтоол зөрчсөн гэж үзэн шүүхийн шийдвэрийг гаргасан гэж шүүгч ярилцлагадаа тайлбарласан байна. Товчхондоо “Монголын зэс” корпорацийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох хэрэгт өмчлөлтэй холбоотой ямар ч баримт байгаагүй гэнэ.
Тэгэхээр шүүхээс бүртгэлийн маргаан шийдвэрлэснийг өмчийн маргаан шийдвэрлэсэн болгож тайлбарлаад байгаа бололтой. Энэ маргаанаар 3 шатны 9 удаагийн шүүх хурал болж, 27 орчим шүүгч оролцож, бүх шийдвэр нь “Монголын зэс” корпорацийн талд гарсан юм байна. Эдгээр шийдвэр нь хувийн компанид үйлчилсэн, зөвхөн М.Батсуурь гэдэг хүний удирдлага, оролцоотойгоор гарсан шийдвэр гэж зарим УИХ-ын гишүүд үзэж байгаа юм. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүгч М.Батсуурийг гурван шатны шүүх хуралд оролцсон гэж мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнэ сайд шүүгчтэй холбоотой мэдэгдлээ баримтаар нотловол М.Батсуурь нь ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг хориглохоор тусгажээ. Энэ бол том хамгаалалт.
Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийн өмчлөлийн асуудал шүүхээр орж бүрэн эцэслэгдээгүй юм байна гэж ойлгож болох нь. Засгийн газар УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлэн дахин шийдвэр гаргах, мөн төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэж үзвэл УИХ-д 23 дугаар тогтоолдоо өөрчлөлт оруулах тус тус эрх нь одоо ч гэсэн байгаа гэдгийг Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь ярилцлагадаа дурдсан нь нэлээд анхаарал татаж байлаа.