УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нэгэнт төр худалдаж авах боломжгүй учраас “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан гэдгийг би өнөөдөр хүртэл дэмждэг. Энэ бол Засгийн газраас гарсан хамтын шийдвэр гэв.
Мөн энэ үеэр “Ростех”-ийн захирлын ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиаг дэлгэлээ. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа шүү гэдэг өгүүлбэр захидалд бичсэн. Энэ 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн гэв. Түүний хэвлэлийнхний асуултад хариулсан байр суурийг хүргэе.
-Тухайн үед яагаад ОХУ-ын тал “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах болсон бэ?
-Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байснаас ашиггүй юм байна гэж үзэж ОХУ зарах болсон гэж ойлгож байгаа.
-Төр өөрөө худалдан авах боломжтой байсан юм уу?
-Төрд тухайн үед 400 сая ам.доллар огт байгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй үе байсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хоёрдугаарт, Оросын талаас санал болгосон ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Тухайн захидалдаа хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсан.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанк санхүүгийн зөрчил гаргасан гэсэн мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авах үйл ажиллагааг мөнгө угаалт гэж хэлээд байх шиг байна. Санхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Засгийн газар өөрөөс хамаарах улстөрийн шийдвэрээ гаргасан. ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл байсан гэж ойлгож байна.
-Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар “Монголиан коппер корпорейшн”-д очсон гэдэг нь үнэн үү?
-Аж үйлдвэрийн яамд 90 сая ам.доллар байтугай 9 сая цент ч байгаагүй. Тухайн үеийн яамны төсвийн бүх зарлага нь ил тод байгаа. Уг асуудалд Аж үйлдвэрийн яамыг улстөрийн зорилгоор татан оролцуулна гэвэл ийм асуудал байж болохгүй. Аж үйлдвэрийн яам ямар ч холбоогүй. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болж хамаарна.
– “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах Засгийн газрын тогтоолд та гарын үсэг зурсан байсан. Уг баримт худлаа гэсэн үг үү?
-Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үед Засгийн газраас шийдвэр гаргасан хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Яагаад гэвэл Монголд “Эрдэнэт”-ийн 49 хувь орж ирэх боломж дээр би өөрийнхөө итгэл үнэмшил, зарчмынхаа хүрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс биш “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал огт байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон шийдвэрийг та юу гэж харж байна вэ?
-БНМАУ-ын Бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал.
-Тухайн үед Засгийн газар Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах асуудлыг нууцаар хэлэлцсэн нь ямар учиртай юм бэ?
-Олонхийн шийдлээр нууцаар хэлэлцсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар төрийн гурван өндөрлөг гурвуулаа огт мэдээлэлгүй байсан гэдэг нь худлаа. Ганцхан Ерөнхий сайд нь мэдээд бусад нь мэдээгүй гэдэгт би хувьдаа итгэхгүй. Төрийн гурван өндөрлөг мэдэж байж уг асуудлыг оруулж ирсэн гэдэгт өнөөдрийг хүртэл би бат итгэлтэй байна.