Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг – updown.mn

Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг

Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албанд 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Дэчингийн Түмэнжаргалтай уулзлаа. Гурван хүүтэй дархан бэр тэрээр ажлынхаа хажуугаар магистр суралцаж, хамт ажилладаг нөхрөө мэргэжилтэй болгохоор арыг нь дааж байна. Өглөө 04.00 цагт босч ажилдаа гарч нийслэлчүүдийг цэвэрхэн амьдруулахын төлөө зүтгэж бүрэнхийд гэртээ ирдэг энгийн даруу амьдралтай шар хантаазтануудын нэг юм.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Гурван хүү нь ханьтай нь нийлээд нүсэр тэмдэглэх байх даа?

-Би бяцхан бэлгэнд дуртай. Нүсэр бэлгэнд дургүй. Хэрвээ миний гэр бүлээс хэн нэгэн ямар нэг зүйлээр дутагдаж байвал надад авч өгөх мөнгөөрөө өөртөө юм аваарай гэдэг. Хүн баярлаж байгааг харах нь надад баясал бэлэглэдэг юм. Сүүлийн үед баярыг ингэж тэмдэглэх дуртай болсон.

-Дархан бэрийн ухаан уран гэдэг. Гурван хүүгээ хүмүүжүүлэхдээ юунд анхаарсан бэ?

-Миний бодлоор хамгийн сайн найз нь л байх хэрэгтэй. Аав, ээж нь юм чинь гээд загнаж аашлах туслах хөвгүүд цаашилдаг. Харин илүү дотно, найз шиг нь байвал юмаа нуухгүй ярьж, хамгийн түрүүнд ээждээ ханддаг. Гадаадын кинонд гардаг шиг хөвгүүд маань өглөө бүр хайртай шүү ээж ээ гэж хэлээд үнсдэг. Хүн болгон их сургууль төгсөх албагүй. Хамгийн гол нь сайхан хүмүүжилтэй болох ёстой гэж боддог доо. Би хэн бэ, нийгэм дотор орохоороо хэн болох вэ гэдгээ мэдэж авбал дараа нь сурахад оройтохгүй. Хөвгүүдийн маань том нь 20, дараагийнх нь 18-тай, бага нь найман настай. Бүгд гараас гарчихсан учраас ардаа санаа зоволгүй ажлаа хийж чаддаг.

-Нөхөртэйгөө хамт ажилладаг гэсэн. Танай гэр бүлийн өглөө яаж эхэлдэг вэ?

-Манай хүн надаас хоёр жилийн өмнө хот тохижилтод ороод, өөр бригадад ажилладаг. Би үүрээр 04.00 цагт босно. Манай хүн 04.30 гээд босно. Яг 05.00 гэхэд гэрээсээ гарсан байхгүй бол ажилдаа цагтаа очиж амжихгүй. Өглөө биднийг ажилчдын автобус ирж авдаг. Гэхдээ автобус Хайлаастын хуучин эцэст ирэх боломжгүй учраас 4-5 буудал алхаж 17 дугаар сургуулийн автобусны суудал хүрээд ажилчдын унаандаа сууна. Ямар ч байсан 05.50 гэхэд хариуцсан замдаа ирчихсэн байдаг. Манай бригад 14 хүнтэй. 06.00 цагт бүгд хариуцсан хэсэгтээ бэлэн зогсох ёстой. 10 цагт цайндаа ороод 12 цагт гараад орой 16 цагт бууна. Тэр хооронд дундаа хоёр цагийн завсарлагатай нийтдээ найман цаг ажиллана. Орой тараад магистрын хичээлдээ суугаад харихад 22.00 цагт очно.

-Таны ажилладаг хэсэг хаанах вэ?

-Одоо миний хариуцаж байгаа хэсэг Баянбүрдийн тойрог. Тохижилт үйлчилгээний алба нэг, хоёр жил тутамд бригадуудыг сольж ажиллуулдаг. Хамгийн сүүлд Үйлдвэр комбинатын хэсэгт ажиллаж байгаад ногоон байгууламж зам талбайд шилжиж ирсэнтэй холбогдуулаад 100 айлаас Баянбүрд, Зурагтаас Гэсэр сүмийн уулзвар чиглэлд манай 13 дугаар бригад ажиллаж байгаа. Миний ажилладаг хэсэг Аюулгүйн тойрог учраас анхаарал их шаардана. Тойрог замын онцлог нь түүвэр хог багатай, шороо ихтэй. Машин хаанаас ч орж ирээд мөргөж, шүргэх боломжтой байдгаас мэдрэмж шаардана. Хамгийн их айлгаж, цочоодог нь автобус л байдаг юм. Писс гээд хийгээ гаргахад нь үнхэлцэг хагарах шахна. Автобус хэцүү, туршлагагүй жолооч таарвал түмб тэмдэг хийстэл мөргөчихдөг юм. Зарим жолооч түмб авч шидээд “Энийгээ аваад зайл л даа” гэнэ. Ажлаа хийгээд явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэхээр ойлгох нь ч бий, ойлгохгүй нь ч бий.

-Түгжрэлтэй үед автозам дээр түмб, хогийн сав тавиад цэвэрлэхээр жолооч нар аашлах уу?

-Аашилна. Мастер маань энэ байдлыг анзаараад зааварчилгаа өгсөн. Өглөө түүвэр хогийн цэвэрлэгээ хийгээд ид түгжрэлийн үеэр зам руу битгий орооч ээ гэсэн. Түгжрэлийн үеэр замын нуух руу орж цэвэрлэгээ хийгээрэй гэсэн. Яг манай Аюулгүйн тойрог дээр өглөө 06.00-08.00 цагийн үед түгжрэл байхгүй учраас замын нуух руу ороод цэвэрлэчихдэг. Түгжрэл дөхөөд ирэхээр явган зам руугаа гараад цэвэрлэгээ эхлүүлдэг. Замын цагдаагийнхан ч хэлдэг, ид түгжрэлийн үеэр замаас гараарай гээд. Яагаад гэвэл стандартад заасанчлан метр 50 см зайд түмб байрлуулаад цэвэрлэгээ хийхээр жолооч нарт садаа болно л доо. Тийм учраас түгжрэлийн үеэр замаасаа гарчихдаг.

-Ажиллах нөхцөл хүнд үү?

-Хүнд гэж явдаг. Анхаарал их шаардана. Автомашины утаа, нүргээнд их ядарна. Өглөө үүрээр согтуучууд гарч ирнэ. Бас хурд ихтэй явж байгаа жолооч нарын дийлэнх нь үнэртүүлсэн байдаг. Долоо, найман цагийн үеэр цагдаагийнхан ажилдаа гарахаар согтуу жолооч нар багасчихдаг.

-Таныг ажлаа хийж байхад баярлуулж байсан тохиолдлуудаас хуваалцаач?

-Хөгжлийн бэрхшээлтэй нэг залуу ирсэн юм. “Эгчээ аарц уугаарай” гээд надад аягалж өглөө. Дараа нь кофе уугаарай гээд дахиад өглөө. Баярлалаа гээд уучихлаа, өглөө 06.00 цагт шүү дээ. Тэгсэн нөгөө залуу “Эгчээ өнөөдөр миний төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө хүмүүс шоуддаг тийм ээ. Би төрсөн өдрөө ингэж тэмдэглэдэг шдээ” гэдэг юм. Би бүр дотроосоо огшоод л, баярлаад явчихсан. Тэр залуугийн бие хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэл нь ямар эрүүл байна вэ. Үе үе хүмүүсийн хандлагаас болоод гомдох үе гардаг ч зэрвэс тохиолдог ийм сайхан санаат хүмүүстэй таарахаар баярлаад байдаг юм. Юмыг гэгээлэг харвал гоё.

-Хотын соёл хаанаас эхлэх вэ?

-Энэ ажлыг хийж байгаа хүний хувьд хэлэхэд хотын соёлыг би хүний биеэ зөв авч яваа байдал гэж хэлнэ. Хүний боловсролыг харилцаа нь тодорхойлдог шиг хотын соёлыг биеэ авч яваа байдал нь илэрхийлнэ. Сайхан хүмүүжүүлж чадсан хүн боловсролтой хүнээс илүү биеэ зөв авч явж чадна шүү. Тийм учраас хүмүүжил маш чухал. Хотын соёл залуучуудаас эхлэх учраас одоо сургуульд сурч байгаа хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Хоёрхон жилийн өмнө хүмүүс уучлаарай, баярлалаа гэдэг үгийг бага хэлдэг байсан бол одоо их хэлдэг болж. Энэ бол хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, соёлтой боловсон болж байгаагийн илрэл. Хүмүүс хотын соёлыг өөрөөсөө эхлүүлж, бусдадаа үлгэрлэвэл хүссэн нийгмээ бүтээлцэж байна гэсэн үг. Эгч ээ, даарч байна уу, халуун аарц уу гэж дууддаг. Машинаараа тулж ирэхээрээ цонхоо буулгаад, “ёстой уучлаарай эгч ээ, зүгээр үү, яаж туслах вэ” гэдэг болсон байна. Бүр ядарч байна уу, гээд хог шүүрдэж өгнө.

-Ингэж тусалдаг хүмүүс байна уу?

-Байна шүү. Баянбүрдийн автобусны буудал дээр нэг залуу тогтмол тэгж тусалдаг байсан. Ажилдаа гарах цагаасаа 30 минутын өмнө хэрэг болгоод ирнэ. Тэгээд “Та сууж бай. Миний автобус ирэх болоогүй юм чинь, шүүрдээд өгье” гэнэ. Тэр залууд их баярласан шүү гэдгээ дамжуулж хэлье. Заримдаа нөгөө залууг ирэхгүй болохоор “Яанаа нөгөөх чинь ажлаасаа хоцорчихлоо” гээд харна. Даанч тэр залуутай танилцаж, ажилладаг газрыг нь мэдэж чадаагүй.

-Та ямар мэргэжилтэй вэ. Хот тохижилтын газарт ажиллахаасаа өмнө хаана ажиллаж байв?

-Би христийн сүмийн номлогчоор төгссөн. Одоо үргэлжлүүлээд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. 2015 он хүртэл СӨХ-нд олон ажил зэрэг хийсэн. СӨХ-ны цалин бага. Намайг ажиллаж байхад үндсэн цалин 144 мянган төгрөг байсан. Ийм мөнгөөр таван хүнтэй ам бүл амьдрахад хэцүү. Тиймээс харуул, үйлчлэгч, лифтчин, заримдаа байцаагчийг нь хийж ажилладаг байсан. Тэгж дөрвөн хүний ажил хийж байж одоо хот тохижилтоос авдаг цалингаа авдаг байлаа.

-Хөөх, амждаг байсан юм уу?

-Амжуулах гэж зүтгэхээс аргагүй. Яг ийм хэмнэлээр гурван жил ажиллаад үнэхээр ядарсан. Тэгээд өөрийгөө бага ядрааж, ахиу цалин авахын тулд энэ байгууллагыг сонгосон. Ажиллахын хажуугаар суралцаж байгаагийн дээр нэг хүү маань оюутан. Тийм учраас ажлыг гололгүй хийдэг. Одоогийн ажлын маань цалин 676 мянган төгрөг байж байгаад он гараад таван хувиар нэмэгдсэн. Бас илүү цагийн хөлс нэмэгддэг. Өвөл илүү цагаар ажиллах нь бага. Зун дулаарахаар хүмүүс эрт алхдаг, хог ихэсдэг учраас бид илүү цагаар ажилладаг. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл илүү цагаар ажилладаг гэж ойлгож болно.

-Танай таваас гурав нь оюутан, нэг нь сурагч юм байна. Бүгд л зүтгэж байгаа юм байна.

-Манай гэр бүлийнхэн суралцахыг эрхэм болгож байгаа. Манай хүн хөдөө малчин байсан учраас мэргэжилгүй. Одоо дипломтой болохоор суралцаж байгаа. Сурахад хэзээ ч оройтдоггүй. Тийм учраас ажиллангаа сурах нь манай гэр бүлийн бодлого. Орой 22.00 цагт ирдэг учраас 16.00 цагт тараад 16.30 гэхэд гэртээ ирээд 30 минутын дотор гуравдугаар ангийн хүүгийнхээ хоолыг бэлдэнэ. Хагас, бүтэн сайнд хоол хүнсээ цуглуулаад, зуурахыг нь зуурч, элдэхийг нь элдэж, хэрчээд хөргөгчиндөө хийчихнэ. Бүгд оройтож ирдэг, завгүй улсууд учраас шууд гаргаж ирээд хоолоо бэлдэхэд амар байдаг юм. Миний хань “эмэгтэй хүний ажил хийхгүй” гэж уцаарлахгүй. Анхнаасаа л нэг биеийн нөгөө тал гэдэг шиг ажлаа төлөвлөж хийгээд сурчихсан. Би байхгүй байлаа ч хоол хийгдээд, хувцас угаагдаад, гэр цэмцийж байдаг. Тэглээ гээд би чиний ажлыг хийлээ гээд надад ялархахгүй. Би ч бас мод түлээгээ хагалчихна. Гэхдээ гурван хүү байгаа учраас хар ажил хийдэг ээжээ хар ажилд гар хүргэдэггүй.

-Өөрийг чинь хот тохижилтын байгууллагад ажилд орсон 2015 он бол үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилтнуудад анхаарсан жил байсан. Гадаадад аялуулж, цалин нэмж, олон нийтэд та бүхнийг сурталчилж байсан?

-Тэгсэн. 2015 онд ороход Улаанбаатар нэгтгэл нэртэй байсан. Тэгээд нэг жил ажилласны дараа нэгтгэл маань гурав салж хуваагдахад Хот тохижилтын алба тусдаа гарсан. Нэгтгэл байсан үе, одоогийн үе хоёр өөр. Нэгтгэл байх үед зам талбайн үйлчлэгч нар олон учраас цэвэрлэгээ хийдэг талбай богино байлаа. Одоо хүн цөөрсөн учраас зам уртсаад техник сайжирсан. Зам шүүрддэг машин, явган зам цэвэрлэдэг машинтай болсноор нөхцөл байдал сайжирч байна. Сүүлийн жил гаруйгийн хугацаанд иргэд бидэнд сайнаар хандаж, ажлыг минь ойлгож хүндэтгэлтэй харилцдаг болсон. Түүнээс өмнө бараг л хүн биш гэж үздэг байлаа шүү дээ. Хийх ажилгүй, ажлын байр олддоггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л зам талбайн үйлчлэгчээр ажилладаг гэсэн бодолтой байсан.

-Баярлалаа. Таны ажил, амьдралд сайхан бүхнийг хүсье.

One thought on “Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг

  1. Нэргүй 2019-03-08 12:20 at 12:20

    Yasan mundag daruu uxaantai busgui ve. Tanai ger buld øødĺøn devjixiin erøøl ørgøe.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн