Төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч
Эхийн сэтгэл
Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Араажаваар дуулж байна лээ
Сайн явна гэнээ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа нь л ижийдээ
Алдар чинь шүү дээ
Ижий нь хүүгээ
Их санах юм даа
Араг савар хоёроо
Зөрүүлж байж бодлоо
Аргал чулуу хоёрыг
Андууран түүж саналаа
Алга аа миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ
Гол усаар л нэг найр
Наадам болж байна
Миний хүү шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадгийм ороо л биз гэж
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа
Муу хүү минь гэж
Дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн
Ганц хүү минь дээ
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц үр минь дээ
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юү хийх вэ
Ижийдээ л хүрээд ир!
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа тарвалзах
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир!
Хөхөөрөө чамайг даллая
Yхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир!
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээн
Давхиад ир,
Гуруй гуруй.
3 comments
Маш гоё
Goy shuleg shuu
муу ижийгээ санчлаа