АНУ-ын засаг захиргаа Мексиктэй хиллэдэг хэсэгт ирсэн цагаачдын талаар дагнан сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчид, тэднийг өмгөөлдөг хуульчид, хүний эрхийг хамгаалагчдын нэрсийг багтаасан мэдээллийн нууц сан байгуулжээ.
Жагсаалтад орсон хүмүүсийг удаан хугацааны турш байцаах, хил нэвтрэх эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авдаг байж болзошгүй гэж “Эн-Би-Си” теле суваг дамжуулсан байна. Мөн “Эн-Би-Си” теле сувгийн баг ийм мэдээллийн сан бий гэдгийг нотлох баримтыг олж авч чадсан хэмээн мэдээллээ.
Жагсаалтад АНУ-д цагаачлахаар ирэгсдийг мэдээлдэг, тэдэнд тусалдаг хүмүүс багтсан. Үүгээр ч зогсохгүй мэргэжлийн үүргээ гүйцэтгэхээр Мексик рүү нэвтрэх гэсэн гэрэл зургийн хоёр сэтгүүлч, нэг хуульчийг саатуулсан тухай мэдээлэл байгаа.
Нэгэн фото сэтгүүлч хил дээр гурван ч удаа ямар нэгэн үндэслэлгүйгээр саатуулагдсан. Мексик дэх цагаачдын суурингийн зургийг авах үед элдэв асуулт тавьж байсан гэж “Эн-Би-Си” теле сувагт ярьсан байна.
Мексикийн засаг захиргаанаас бас нэгэн гэрэл зурагчныг 13 цаг саатуулж, хилээр нэвтрүүлэлгүй байлгаж байгаад АНУ руу буцаасан гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шийдвэр гарган, Мексиктэй хиллэдэг хэсэгтээ хууль бус цагаачдыг эсэргүүцэх “Үнэнч Эх оронч” ажиллагаа явуулж, цэргийн дөрвөн мянга гаруй алба хаагчийг татан оролцуулсан.
Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-нд тус улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гадаадын иргэдэд орогнол олгохоос татгалзах тухай зарлигт гарын үсэг зурсан. Энэ зарлигийн гаргасан гол үндэслэл нь АНУ-ыг чиглэсэн цагаачдын цувааг зогсоох зорилгод чиглэсэн гэжээ.