Маргааш гуравдугаар сарын 8. Бүсгүйчүүдийн эрхээ хамгаалах өдөр. Монголчууд “Мартын 8” болгон тэмдэглэдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, урлагийн тоглолт, үзвэрүүдэд дарагддаг. Энэ жил л гэхэд Улсын драмын эрдмийн театрын “Бүсгүйн зурвас” жүжиг, зохиолын гурван дуучин бүсгүйн “Сүүн аялгуу” тоглолт, Улсын филармонийн “Бүсгүй танаа”, “Миний сайхан ээжүүд”, поп дива Ж.Алтанцэцэгийн “Хайр гэж…”, “Хурд хамтлагийн “Зураг шиг бүсгүй”, “Нюанс” хамтлагийн “Бүсгүй танд”, “Камертон” хамтлагийн “Хайр”, дуучин н.Лодкогийн “Гэргий”, “Best hit`s” хэмээх “Соёл-Эрдэнэ”, “Өргөө ” болон бусад уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зэрэг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан олон тоглолт давхцах нь ээ.
Мэдээж “Мартын 8” баярын өдөр эрчүүд маань ээжүүдээ, эхнэрээ, найз бүсгүйгээ баярлуулахаар тоглолтын тасалбар бэлэглэдэг уламжлал тогтоод буй. Тиймээс ч эмэгтэйчүүдийн баярын тоглолтууд эрэлт ихтэй, үүнийгээ дагаад ашиг орлого ч сайтай байдаг билээ. Энэ жилийн баярын тоглолтын тасалбарууд ч эрэлт ихтэй, үнийн хувьд ч харьцангуй өндөр сонсогдож байна. Жишээлбэл, “Камертон” хамтлагийнхан тоглолтын тасалбараа 300 мянган төгрөгөөр үнэлсэн бол “Увертюра” хамтлаг 100 мянга, “Хурд” хамтлаг 150 мянга, дуучин Ж.Алтанцэцэг 60-100 мянга, “Нюанс” хамтлаг 130 мянга, зохиолын дуучин гурван бүсгүйн тоглолт 40-60 мянга, Улсын филармонийн “Бүсгүй танаа” тоглолт 15-25 мянга, Улсын драмын эрдмийн театрын “Бүсгүйн зурвас” жүжиг 10-50 мянган төгрөг, “Миний сайхан ээжүүд” тоглолт 18 мянга, “Best hit`s” тоглолт 80 мянга, залуу дуучин н.Лодкогийн тоглолт 25 мянган төгрөгийн үнэтэйгээр тоглогдох гэнэ.
Тэр дундаа энэ жилийн “Мартын 8”-ны баярын тоглолтын тасалбарын үнээрээ “Камертон” хамтлаг тэргүүлжээ. Тус хамтлагийнхан “Хайр” тоглолтын 300 мянган төгрөгийн тасалбарын үнээ хөнгөлсөн ч тоглолтын тасалбар хэдийнээ дууссан сурагтай.
Эх сурвалж: News.mn
1 comment
монголчууд баян болжээ