Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт “Марш тактик-Тусгай бэлтгэл”-ийн тэмцээнээр өндөрлөлөө. Тэмцээнд сургалтад хамрагдсан Гал түймэр унтраах, аврах ангийн 60 гаруй захирагч 7 багт хуваагдан саадтай зурвас, гранат шидэлт, байрзүйн цэг олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт гэсэн зургаан цэгт 4 км замыг туулж, даалгаврыг гүйцэтгэсэн байна.
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар хууль, эрхзүйн мэдлэг, ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх танхимын болон дадлага сургуулийг хийсэн юм. Мөн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага, мэдээллээ солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.