УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр,
Улсын Их Хурлын дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын энэ удаагийн мэдээллийг урьдчилсан байдлаар бэлтгэн Та бүхэнд хүргүүлсэн билээ.
Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа /үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай/, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, тогтвортой өсөлтийг бий болгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, соортын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Үр тариалангийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тариалангийн талаарх зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийтдээ 22 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 500 гаруй тариаланчид, ногоочид, тариалангийн салбарын удирдах ажилтан мэргэжилтнүүдийг оролцуулсан Улсын зөвлөгөөнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, энэ оны хаврын тариалалтын талаарх бодлого, технологио тариалан эрхлэгчидтэй зөвлөлдөн, тэдний саналыг сонсож бэлтгэл ажилдаа анхааран ажиллаж байна. Мөн энэхүү зөвлөгөөнд оролцогчдод дулааны улирлын цаг агаарын төлөв байдал, таримал ургамал тариалах ерөнхий технологи зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ус, цаг уурын хүрээлэнгийн зөвлөмжүүдийг танилцуулсан байна.
Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн бөгөөд 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулах арга хэмжээг авч, 2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олголоо. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил явагдаж байна.
Төмсний тариалалтад нийтдээ 39.5 мянган тонн үрийн хэрэгцээ байгаа бөгөөд аж ахуйн нэгж, хоршоо, иргэд хэрэгцээт үрээ бүрэн нөөцөлсөн мэдээтэй байна. Түүнчлэн холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хийсэн гэрээний дагуу вирусгүй бичил булцуунаас төмсний 32 тонн супер элит үр үйлдвэржүүлж, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үр шинэчлэлд зориулан олгоод байна. “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл ба маркетинг” төслийн хүрээнд 75 тонн төл сонгинын үрийг Голланд улсаас импортлохоор гэрээ хийгдэж, ачигдаад байна.
Хаврын тариалалтад 7.1 мянган тонн, уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад 5.4 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 20.4 мянган тонн дизелийн түлшийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 40 хувийн, 4200 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн холбогдох аж ахуйн нэгжүүд, байгууллага болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан хооронд гэрээ байгуулж эхлээд байна.
Хаврын тариалалтад 2980 зүтгэх хүчний трактор, 2017 үр тарианы үрлүүр, 5787 хөрс боловсруулах техник, 498 төмс, хүнсний ногооны үрлүүр ажиллах бөгөөд техникийн засвар, үйлчилгээний ажил аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцан дуусах шатандаа орж байна.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах, мөн 7.9 мянган га талбайг услах хүчин чадал бүхий усалгааны тоног төхөөрөмж, бороожуулагч машиныг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 мянган морины хүчтэй трактор, услалтын намираа систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.
Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон холбогдох хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Энэхүү арга хэмжээг авснаар газар тариалангийн салбарыг сэргээж, тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.
Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглагдаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах боломжтой юм. Иймд Улаанбаатар хотод 10.0 мянган тоннын багтаамжтай агуулах бүхий хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах, томоохон аймгийн төв болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох сумдад тус бүр нь 1000 тоннын багтаамжтай 12 зоорь барих, мөн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд 5 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төслийг тус тус боловсруулаад байна. Шинээр байгуулагдах зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, гуравдагч дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Залуу тариаланч” төслийг боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр “Жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хүйтэнд тэсвэртэй алим, чавганы суулгацыг турших, нутагшуулах, мэргэжилтний чадавхыг сайжруулах ажлыг эхлүүллээ.
Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордооны жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх тун, хэмжээг гарган хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна. Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр ариутгалын бодис 10 тонн, тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис 11.5 тонн, 130.0 мянган га талбайд химийн уринш боловсруулахад шаардагдах гербицид 500 тонн, нийлмэл бордоо 5000 тонныг тус тус нийлүүлж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулж байна.
2017 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр газар тариалангийн бүс нутагт агаарын температур 4-5 сард сэрүүвтэр, 6-8 сард уур амьсгалын дунджаас дулаан буюу халах магадлалтай байх тул хуурайшилт нэмэгдэх төлөвтэй. Иймд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан байгаль, цаг уурын болзошгүй эрсдэлээс сэргийлэх замаар дэвшилтэт техник, технологи, арвин их мэдлэг, туршлагадаа түшиглэн тариалалтаа хийхийг нийт тариаланчиддаа онцгойлон анхааруулъя.
Цаашид тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:
-“Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд улаанбуудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх;
-Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх;
-Тариалангийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
-Хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
-Таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлэх, тэжээлийн болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх;
-Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг зохион байгуулах зэрэг болно.
Энэ онд Засгийн газар, яам, аймаг, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон манай нийт тариалан эрхлэгчид маань өөрсдийн шаргуу хөдөлмөр, бүтээлийнхээ үр дүнд арвин их ургац хураан авна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.